Энэтхэгийн 1 тэрбум ам.долларын зээлийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.120.17/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. 

УИХ-аас 2017 оны тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1,0 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор дээрх хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж эхлээд буй. Төслийн зөвлөх компаниар шалгарсан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Инженерс Индиа Лимитед” компанийн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг нийт 1,235.989 сая ам.доллар байхаар тооцоо гарсан. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрт нэмэлтээр шаардлагатай 236.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар Энэтхэгийн талтай тохирчээ. БНЭУ-ын  Экспорт-Импорт банкны зээлийн нөхцөл нь хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, хүү (жилийн хүү) 1.75 хувь, зээлийн хөнгөлөлтийн түвшин 29.44 хувь бөгөөд хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top