Энэтхэг улсын Засгийн газраас олгож буй нэг гаруй тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй газрын тос боловсруулах анхны үйлдвэрийн дэд бүтцийн ажил энэ онд дуусна гэж “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас мэдээллээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн зөвлөлөөр ТЭЗҮ-г боловсруулж үүнийг нь “Инженерс Индиа Лимитед” компани зөвшөөрсөн юм.
“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК төслийн менежментийн зөвлөх компанийг сонгосон бөгөөд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахад бэлэн болжээ. Түүнчлэн гэрээ байгуулсны дараа төслийн дараагийн үе шат эхэлнэ. Инженерийн зураг төсөл, төслийн өмнөх шатны бүтээн байгуулалтын ажил эхлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Энэтхэгийн тал одоогоор төслийн үе шат төлөвлөгөөний дагуу явж байгаа ч төслийн үйл явцыг улам урагшлуулах үүднээс хоёр талын хамтарсан үзэсгэлэн зохион байгуулахаар болсон байна. Энэ сарын 13-14-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох “Энэтхэг-Монголын газрын тос, байгалийн хийн үзэсгэлэн”-д Энэтхэгийн нэр хүндтэй 35 орчим компани оролцох аж. Уг үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “ТАТА Projects LTD” болон “Afcons Infrastructure LTD” хамтран ажиллаж байгаа ажээ.
Төсөл 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан бүрэн дуусаж, ашиглалтад орох юм. Нийтдээ 150 гаруй га талбайг хамарсан боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах бөгөөд энэ нь дотоодын хэрэгцээний 30 гаруй хувийг хангах боломж болох аж. Газрын тос боловсруулах үйлдвэр нь евро-4, 5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тоон дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад шатах тослох материал үйлдвэрлэх тооцоотой байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )