У.Хүрэлсүх: Эрдмээр биеэ чимсэн, сайн хүмүүс болоорой

2019 оны 12 сарын 26

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын “Харшийн сүлд модны наадам”-д оролцож, сурагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзэж, оны шилдэг хүүхдүүдэд бэлэг гардуулж, үг хэлэв.

Тэрбээр, тасралтгүй 39 дэхь жилдээ зохиогдож буй Харшийн сүлд модны наадамд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар оролцож байгаадаа баяртай байна. Харшийн сүлд модны наадам нь хүүхэд бүрийн оролцохыг хүсч, мөрөөддөг шинэ жилийн сайхан баяр юм. Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэсэн урлагийн тоглолт үзүүллээ.  Сургууль, цэцэрлэг, сургалт хүмүүжлийн газрууд гээд 338 барилга байгууламж шинээр ашиглалтад оруулж, ерөнхий боловсролын сургуулийн гурван ээлжийг халж чадсан баялаг бүтээмжтэй он улиран одож байна. Ирэх онд хүүхэд бүр аз жаргалаар бялхаж байхыг ерөөе,  эх орондоо хайртай, эрдмээр биеэ чимсэн сайн хүмүүс болоорой гэсэн юм.

Найрамдал цогцолборын багш Б.Отгонбат Харшийн сүлд модны наадмын урлагийн тоглолтыг 28 дахь жилдээ найруулан тавьж буй бөгөөд “Ам цагаан хулгана аз жаргалын эрэлд мордсон нь” сэдвээр дэглэжээ.  Хулгана жилд хүүхэд бүр инээд хөөрөөр дүүрэн аз жаргалтай байхыг бэлгэдэхийн зэрэгцээ аз жаргал гэдэг нь ээж аав, ахмад настанд хүндэтгэлтэй байж сургаал үгийг нь сонсч бусдыг хүндлэн эрхэмлэдэг, бие биедээ тусладаг нинжин сэтгэлтэй байхыг хэлнэ.  Үүний тулд хүүхэд бүр гэгээлэг сайхан мөрөөдөлтэй,түүндээ хүрэхийн тулд хичээх хэрэгтэй гэдгийг уриалж, монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг агуулгыг илэрхийлж, хүүхдүүдийн сэтгэлд хоногшуулан тогтоохыг зорьсон гэв.  Тоглолтын оролцогчдын 90 орчим хувийг Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Дорноговь аймгийн авъяаслаг сурагчдаас сонгон бүрдүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top