Одоогоос яг сарын өмнө дөө, сандал суудал цэгцрээгүй байхад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачил байгаагаа зарласан. Энэ бол нэг талаас улс төрийн тактик байсан байж болох ч системийн хэрүүлээ, намын зодоонтойгоо хамт шийдчих гэсэн манлайлал ч байхыг үгүйсгэхгүй. Нийгэмд үүнийг дагаар маргаан мэтгэлцээн ч өрнөж байна. Гэхдээ энд нэг зүйлийг санах хэрэгтэй. Урьд өмнө нь хэзээ системийн талаар, улс төрийн байгууллын талаар, ардчиллын дархлааны талаар маргаан, мэтгэлцээн өрнөж байлаа...
Ололттой дөрвөн зүйл
Иргэдийн хяналт нэмэгдэх эхний ололт байна. Хэдийгээр бид сонгох, сонгогдох эрхээ эдэлдэг ч парламентын танхим олонхоороо алив асуудлыг гортиглоно. Тэгэхээр бид хаана байгаа юм бэ гэх асуулт гарч ирнэ. Тиймээс УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанд иргэд шууд хяналт тавих боломж бүрдэж, ардчиллын чанар сайжрах өндөр магадлалтай. Нөгөө яриад байдаг парламентад итгэх иргэдийн итгэл суларлаа гэдэг айдас бөгөөд бодит байдлыг шийдэх чухал алхам.
Хариуцлагын тогтолцоо бэхжих удаах ололт. Гишүүдийн үйлдэл, эс үйлдэл, шийдвэрт хариуцлага тооцох механизм бий болж, улс төрийн соёлд хариуцлага, ёс зүй илүү бэхжих нөхцөл бүрдэнэ. Хэлж ярьдгаа бодно. Хуралдаа суудаг болно. Хууль уншдаг болно. Засгийн газраа хянаж чаддаг болно. Ингэхийн цагт намын эрх мэдлийн зодоон түй ч хамаагүй болж гишүүд өөрөө, өөртөө хяналт тавьж эхэлнэ.
Иргэдийн оролцоо идэвхжих гурав дахь ололт. Тэртээ тэргүй бид хамаагүй юм чинь гээд иргэдийн нийгмийн оролцоо сул байдаг. Батлах гэж хэлэлцэж байгаа юм уу, батлагдсан хуулийг унших иргэдийн тоо нэмэгдэнэ. Хуулиа мэддэг иргэд алив акцыг хэн нэгний халааснаас гарсан мөнгөөр бус өөрсдийн итгэл үнэмшлээр шийддэг болно. Дан ганц сонгуульд оролцдогоор бус иргэдийн идэвх нэмэгдэж, ардчиллын цар хүрээ тэлнэ гэсэн үг.
Төрийн институцийн нэр хүнд өснө.Төрийн байгууллын нэр хүнд нэмэгдэнэ. Ингэснээр гишүүдийг алив нэг улс төрийн үзэл бодлоор бус ёс зүй, сахилга хариуцлагаар нь тодорхойлж, дараа, дараагийн сонгуульд улс төрийн эрх мэдэл үзүүлэхгүй байх, цаашлаад тав дараалж сонгогддог дархан төрийн түшээдийн тоо хумигдана.
Эрсдэлтэй дөрвөн зүйл
Популизм давамгайлах. Эгүүлэн татах механизм олонх болсон намын улс төрийн өрсөлдөөнд ашиглагдаж, бодлогын асуудлаас илүү популист, уриа, кампанит ажлын хөлд үрэгдэж, намын зодоон нь явсаар институцийн хямрал болж, Монгол Улсын бүрэн эрхт байдал алдагдах эрсдэлтэй.
Байнга татдаг болно. Энэ бол “хатуу юм хүртэх” тухай ойлголт огт бус намын болон аливаа бүлэглэлийн ятгалгад автаагүй улс төрчдийг ёс зүйн зөрчил гэдэг нэрээр байнга эгүүлэн татах нөхцөл үүсэх эрсдэлтэй. Ингэснээр парламентын хууль тогтоох чадавх суларч, хууль тогтоох үндсэн процесс удаашрах, цаашлаад алдагдаж болзошгүй.
Иргэдийн талцал гүнзгийрнэ. Олонх болсон нам, аливаа нэг улс төрийн хүчин улс төрийн зодоондоо иргэдийг татан оролцуулах эрсдэлтэй. Иргэдийн талцал, хуваагдал нэмэгдэж, нийгмийн эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Эрх мэдлийн тэнцвэр алдагдана. Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хууль парламентын бие даасан байдалд шууд нөлөөлөх эрсдэлтэй. Улмаар институцийн баланс алдагдаж, тэнцвэрт тогтолцоонд эрсдэл учруулж болзошгүй.

Сэтгэгдэл ( 0 )