“Эрхэт монгол” медиа групп “Asia First Brand Awards”-д үнэлэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө


Азийн шилдэг компани, брэндүүдийг тодруулдаг “Asia First Brand Awards 2026” ёслолын ажиллагаа энэ сарын 15-нд Улаанбаатар хотноо боллоо.

Бизнес, үйлчилгээ, технологи, гоо сайхан, медиа болон үйлдвэрлэлийн салбарын шилдэг байгууллагуудыг тодруулан алдаршуулдаг тус ёслолоос ТВ8, Channel 11 телевиз, “Зиндаа”, “Welcome to Mongolia” сэтгүүл, Zindaa.mn сайт, “Өглөөний сонин” зэрэг хэвлэл, мэдээллийн төрөлжсөн редакциудтайгаар 23 дахь жилдээ үйл үйл ажиллагаа явуулж байгаа “Эрхэт Монгол медиа холдинг” компани “Азийн шилдэг медиа брэнд” шагнал хүртлээ.

“Asia First Brand Awards” ёслол 2014 оноос эхлэлтэй бөгөөд Сингапур, БНСУ, БНХАУ, Вьетнам зэрэг Азийн орнуудад зохион байгуулагдаж ирсэн Олон улсад нэр хүндтэй шагнал гардуулах ёслол юм. Тус наадам нь хэрэглэгчийн үнэлэмж, инновац, салбартаа үзүүлсэн нөлөө, байгууллагын хөгжил, брэндийн үнэ цэнийг харгалзан шилдгүүдийг тодруулдаг онцлогтой.
 

Энэ удаагийн “International Award 2026 – Asia First Brand Awards” ёслол долоон байгууллагыг Азийн шилдэг брэндээр шалгаруулсны дунд Монголын 5 компани багтжээ. Тодруулбал, хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмжийн шийдлийн салбарт тэргүүлэгч БНСУ-ын “ACK” компани, дижитал платформ үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй Soliltsoo.mn, гоо сайхны салбарын төлөөлөл Cindella Beauty, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй ОХУ-ын Hemix групп, бизнес ба медиа салбарт “Эрхэт Монгол Медиа Холдинг”, ноолууран бүтээгдэхүүний салбарт “Buuvee Cashmere” компани, лайфстайл салбарт БНСУ-ын “The Star&Co” компаниуд тус тус Азийн шилдэг брэнд компаниар нэрлэгдсэн юм.

Арга хэмжээний хүрээнд Олон улсын бизнесийн төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид, загварын салбарын уран бүтээлчид, продюсерууд уулзаж, бизнесийн хамтын ажиллагаа, брэнд хөгжүүлэлт, Азийн зах зээл дэх шинэ чиг хандлагын талаар санал солилцож байв. Мөн networking уулзалт, соёл урлагийн тоглолт, загварын тусгай үзүүлбэрүүд зохион байгуулагдсан нь оролцогчдын анхаарлыг татсан хөтөлбөрүүдийн нэг байсан юм.

Зохион байгуулагчдын зүгээс “Asia First Brand Awards” шалгаруулалт нь Монголын үндэсний брэндүүдийг Олон улсын тавцанд сурталчлах, Азийн зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх, цаашлаад бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж байлаа. Мөн ирэх жилүүдэд оролцогч орны тоог нэмэгдүүлж, Азийн бизнесийн салбарын томоохон платформ болгон хөгжүүлэх зорилготой гэдгээ онцолж байв.

Монгол Улсдаа зохион байгуулагдсан ёслолоос Азийн брэнд компанийн шагналыг хүртсэн байгууллагуудад халуун баяр хүргэе.
 

Top