АУДИТ | Монгол Улсын далайн захиргаанаас 1.4₮ тэрбумын зөрчил илэрчээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Үндэсний аудитын газар “Монгол Улсын далайн захиргаа”-ны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийхэд нийт 1.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Үүнээс 952 сая төгрөгийн албан шаардлага хүргүүлж, 450.9 сая төгрөгийн гурван зөвлөмж өгсөн байна.

Тухайлбал авлагын дансанд бүртгэлтэй 2-4 жилийн насжилттай 27 харилцагчаас авах 117.2 сая төгрөгийн авлагыг барагдуулаагүй зөрчил илэрчээ.

Түүнчлэн урт хугацаат хөрөнгө оруулалтад оруулсан 190.2 сая төгрөгийн үр өгөөжийг тооцож тайлагнаагүй байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны тавдугаар сарын 11-ний өдрийн БНСУ-ын далайн тээврийн компанитай хамтран далайн тээвэр хийх хуулийн этгээд байгуулах 180 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын далайн захиргаа, БНСУ-ын “Саммок Шиппинг” ХХК-ийн хооронд далайн тээврийн хамтарсан компани байгуулах гэрээ байгуулжээ. Улмаар Сөүл хотод 2015 оны долоодугаар сарын 8-ны өдөр “Монгол Саммок Ложистик” ХХК байгуулсан байна. Гэрээний дагуу компанийн хувьцааг талууд 50/50 хувиар эзэмшиж, 100.1 сая вон буюу 100 мянган ам.долларын хөрөнгө оруулжээ. Гэвч тус хамтарсан компани нь байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа явуулаагүй, хөрөнгө оруулалтад оруулсан хөрөнгө дундын дансанд байршиж байгаа гэх боловч нотлох боломжгүй, тус хөрөнгө оруулалтаас үр өгөөж хүртээгүй гэж дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top