Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд өнөөдөр (2026.05.13) орон сууц захиалах, худалдан авах гэрээ байгуулж хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Д.Рэгдэл, Ж.Золжаргал нар оролцов.
Байнгын хорооны дарга О.Номинчимэг орон сууцны захиалгаас болж хохирсон иргэд, айл өрхийн тоо маш их болж, асуудал ихээхэн хүндэрсэн байгааг дурдаж, Байнгын хороонд сүүлийн гурван сарын хугацаанд 600 гаруй иргэн, иргэдийг төлөөлсөн төрийн бус байгууллагаас бичгээр, мөн 10 гаруй иргэнээс цахим шуудангаар, дөрвөн иргэн 11-11 төвд биеэр ирж өргөдөл, гомдол гаргасныг танилцуулав. Эдгээр иргэд болон төлөөллийн байгууллагуудын өргөдөл “Авес Гранд” ХХК, “Басмаа Констракшн” ХХК, “Марч Констракшн” ХХК, “Сэд дэвжих” ХХК, “Алаг хайрхан бугат” ХХК, “Гэзэгийн худаг” ХХК, “Грийн ресурс “ХХК, “Азийн барилга групп”, “Ти Эй Ди И Констракшн”, “Эпик Эра” ХХК, “Андын Зам” ХХК гэсэн 10 аж ахуйн нэгжийн орон сууцны барилгын төслүүдэд хамаарч буйг нэрлэлээ. Эдгээрийн дээр анх захиалга авахдаа “Төгс-орд капитал” гэх нэртэй байсан компанийн нэмэх ёстой гэдгийг “Ток Тоун” хотхон төсөлд захиалга өгч хохирсон иргэдийн төлөөллөөс хэлж байлаа.

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнгөрөгч оны 12 дугаар сард энэ асуудалд анхаарч ажиллахаа зарлаж, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч эхэлсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сард Өмгөөлөгчдийн болон Хуульчдын холбооны хуульчидтай уулзалт зохион байгуулж, хууль, эрх зүйн ямар гарц, гаргалгаа байгааг ярилцсан байна. Өмгөөлөгчид энэ төрлийн хэрэг маргаан дээр ажиллаж байгаагаа уулзалтын үеэр хэлж, эрх зүйн орчны бүрэн бус байдал, хэрэг маргаан нь шийдэгдэхгүй удааширч, олон жилээр ужгирч буй болон иргэд аргаа барж, цөхөрч байгаа зэргийг баримт, нотолгоотой ярьж, гарц, гаргалгаа юу болох талаар ч саналаа хэлжээ.
Мөн Байнгын хорооноос энэ оны гуравдугаар сард Хот байгуулалт, орон сууцжуулалтын болон Хууль зүйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох нэгжийн албан тушаалтнуудыг оролцуулан санал, солилцох уулзалт хийсний дээр Байнгын хоронд иргэдээс ирүүлсэн 600 гаруй өргөдлийг нэгтгэн дүгнэж, барилгын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд, хөрөнгө оруулалт хийсэн иргэний хооронд үүсэж буй маргааныг бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой тогтоох, холбогдох хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах, мөн иргэдэд дээрх төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх тухай албан бичгийг Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мөн Хууль зүй Дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарт хүргүүлжээ. Энэ талаар ажлын хэсэг байгуулж ажиллах хүсэлтийг Монгол Улсын сайд, Засгын газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярт дээрх 600 гаруй өргөдөл, гомдлын нэгтгэлтэй хамт мөн хүргүүлсэн байна. Түүнчлэн Өргөдлийн байнгын хорооны энэ оны гуравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудын мэдээллийг сонсож хэлэлцжээ.
Эдгээр уулзалт, хуралдаануудаас барилга, орон сууц, газрын харилцааны хууль, эрх зүйн орчин маш их цоорхойтой, зохицуулалт, хяналт дулимаг явж ирсэн нь энэ салбарт залилангийн гэмт хэрэг үйлдэх таатай нөхцлийг бий болгосон байна гэсэн гол дүгнэлт гарч байгааг Байнгын хорооны дарга О.Номичимэг онцлов. Хуулийн зохицуулалт, хяналт сул учир иргэдийг залилан мэхлэх, давхардуулан зарах, захиалгыг гэрээгээр иргэдээс авсан мөнгө, хөрөнгийг хариуцлагагүй зарцуулах зэрэг гэмт үйлдлийг хэсэг бүлэг нь хийсэн бол зарим нь Ковид19 цар тахлын хөл хорио зэрэг нийгэм, эдийн засгийн гарцаагүй нөхцөл байдлаас болж хямралд орж үйл ажиллагаа нь зогссон байна гэдгийг тэрбээр танилцуулаад, Байнгын хороо энэ асуудалтай холбоотой авах арга хэмжээнийхээ чиглэлийг хоёр ангилж, нэгдүгээрт цаашид ийм зүйл гаргуулахгүй байх үүднээс эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хоёрдугаарт, хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх гэсэн чиглэлүүдээр ажиллаж байна гэлээ.
Орон сууц захиалах, худалдан авах гэрээ байгуулж хохирсон иргэдийн нөхцөл байдал олон янз, гарц, шийдэл нь ч харилцан адилгүй байгаа нь тэдний өргөдөл, гомдолд хийсэн дүн шинжилгээгээр тодорхой болж буй учир сайтар ярилцах, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын болон Хууль зүй, дотоод хэргийн яамд, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах шаардлагатайг Байнгын хорооны дарга тайлбарлаад, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд дуусаагүй барилгуудыг хэрхэн гүйцээж дуусгах, үүнд яамнаас ямар дэмжлэг үзүүлэх боломжтойг судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгааг мэдээллээ. Тус ажлын хэсэг зургадугаар сарын 01-нд санал дүгнэлтээ танилцуулах ажээ.
Уулзалтад хохирсон иргэдийн төлөөлөл оролцож, тэдний нөхцөл байдал ямар болоод байгааг ярьж, шийдэл, гаргалгааны талаар бодол саналаа илэрхийлэв. Иргэн Ш.Солонго “Марч Констракшн” ХХК Поларис 3 хотхоны төсөлд захиалга өгөөд долоон жил болж байгаагаа хэлж, энэ хугацаанд нийт 72 сая төгрөгөөр байр түрээслэн амьдарч байгаагаа ярив. Хохирогчид захиалгын гэрээ байгуулсан компаниудынхаа араас хөөцөлдсөөр бүр дийлэхээ болиод энэ оны дөрөвдүгээр сард нийтийн тайван жагсаал зохион байгуулсан байна. Мөн барилгын болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, шүүх, цагдаа гээд яваагүй газар, уулзаагүй хүн үлдээгүй гэдгээ хэлж, хохирогчдын нөхцөл байдалд анхаарал хандуулахгүй бол тэсэж тэвчихийн аргагүй болж байгааг сануулж байлаа. Иргэн Б.Дашбат орон сууцны захиалагчид хохирол хүлээгээд зогсохгүй түүнийгээ барагдуулж чадахгүй, орон байртай болох анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй яваа энэ асуудал газрын маргаан, төсөл хэрэгжүүлэгчдийн зээл, барьцааны харилцаа, төслийн захиалагч, гүйцэтгэгч компаниудын хоорондын маргаан, мөн компанийн бүртгэл, мэдээлэл ил тод биш, нууц байдаг, түүнчлэн гүйцэтгэгч компаниудтайгаа бартерийн гэрээ байгуулдаг, иргэд, захиалагчдыг хохироож байгаа үйлдэлд хүлээлгэх хуулийн хариуцлага байхгүй зэрэг олон шалтгаанаас үүдэж буйг нэрлэж байв.
Сэд дэвжих ХХК-гаас болж хохирсон иргэдийг төлөөлж буй иргэн М.Амарсанаа, 2020-2022 онд захиалга өгсөн иргэд тухайн үеийн ханшаар 30-50 сая төгрөг өгөөд хохирсон. Өнөөдрийн байдлаар 57 иргэн иргэний шүүхэд хандаж хохирол, төлбөрөө тогтоолгоод авсан. Цаана нь 90 орчим иргэд хохирлоо барагдуулж чадаагүй хэвээр байна гээд шүүхээр иргэдэд анх захиалга хийсэн мөнгөн дүнг барагдуулах шийдвэр гаргаж байгаа бөгөөд энэ нь өнөөдрийн ханшаар нэг өрөө байранд ч хүрэхээргүй болсон байдаг гэдгийг онцлов. Байр сууцаа хүлээж дийлэлгүй, хохирол зардлаа төлүүлж амжилгүй бурхны орныг зорьсон улс ч цөөнгүй гэдгийг тэр ярьж байлаа. Хохирогч иргэдийн үндсэн хэрэгцээ нь орон байр учир шүүхээр шийдүүлж мөнгөө буцааж авах нь гол зорилго биш гэдгийг тэрбээр хэлсэн юм. Иргэдийн алдагдсан боломжийг төр анхаарч, энэ асуудлыг шийдэж өгөөсэй гэж хүсэж байгаагаа дурдаж, энэ талаар Сингапур, БНСУ, БНХАУ, Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улс зэрэг улсуудад хэрхэн шийдвэрлэж, эрх зүйг ямар орчин бүрдүүлсэн туршлагыг судалснаа хуваалцав. Хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхдээ тухайн орон сууцын төслүүдийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж дуусгах вэ, үүний тулд хэрхэн шинэ хөрөнгө оруулагч бий болгох вэ, банкны болон даатгалын системтэй яаж холбох вэ гэдгийг шийдвэрлэх ёстой гэсэн саналыг тэрбээр хэллээ.
Энэ мэтчилэн хохирогч иргэд үгээ хэлж, хууль, шүүхийн байгууллагын шийдвэр, түүний гүйцэтгэл болон бусад асуудлаар асуулт тавьж, Улсын Их Хурлын гишүүд, холбогдох байгууллагын албан тушаалтан, мэргэжилтнүүдээс хариулт авсан юм. Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамдын Мөрдөн шалгах алба, Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын болон Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого зохицуулалтын газар, Дахин төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн орон сууцны бодлогын газрын холбогдох хүмүүс оролцсон юм. Албаны хүмүүс хууль тогтоомжийн хүрээнд иргэдийн хохирлын асуудлыг ямар шүүхээр хэрхэн шийдвэрлэх, шийдвэр тогтоол ямар агуулгаар гарах магадлалтай, түүний гүйцэтгэлийн хуудас яаж бичигдэж, хэрхэн барагдуулах болох барилга, орон сууцны зөвшөөрөл, хяналтын талаар дэлгэрэнгүй харицлт өгсөн юм.
Өнөөдрийн уулзалт хохирогч иргэдийн санал, гомдлыг сонсох, тэдгээрийг судалж шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах, иргэдийн нөхцөл байдал болон эрх зүйн орчны талаарх ойлголтыг нэгтгэхэд чиглэж байгааг Байнгын хорооны дарга О.Номинчимэг дурдаад, нийгэмд хавтгайрчихсан байгаа энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд уулзалтад оролцогчдын саналыг тусган Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхээр ажиллаж байгаагаа хэллээ