Хууль зүйн байнгын хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар өнөөдөр (2026.05.07) Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Камп тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Дээд комиссар нь Монгол Улсад айлчлахдаа, хүний эрхийн үндэсний байгууллага болон үндэстний цөөнх иргэд, төрийн холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл солилцжээ. Энэхүү хараат бус төлөөлөгч нь бүс нутаг, улс орны тогтвортой байдлыг бэхжүүлж, зөрчлөөс сэргийлэх чиглэлээр ажиллаж, үндэстний цөөнхийн эх хэлээрээ харилцах, сурч боловсрох, улс төр, нийгмийн амьдралд ижил тэгш оролцох эрхийн хэрэгжилтэд анхаарч, бодлогын зөвлөмжөө Засгийн газар, зорилтот бүлэгт танилцуулдаг. Үндэстний цөөнхийн нийгэм, эдийн засгийн үр дүнтэй оролцооны талаарх зөвлөмжийг 2023 онд гаргасан байна.
Монгол Улсын хувьд ЕАБХАБ-ын гишүүнээр 2012 онд элссэн. Хууль тогтоомжоороо бүх иргэнийхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулж, үндэстний цөөнх казах, тува иргэдийн сурч боловсрох, сонгох, сонгогдох эрхийг ялгаварлан гадуурхалтаас ангид байхад анхаарч, эх хэлээ хадгалан үлдэх, амар тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд үе шаттай бодлого, шийдвэрийг баталж, хэрэгжүүлж ирсэн.
Гэхдээ дэд бүтцээс алслагдсан байдал, багшлах боловсон хүчний дутмаг асуудал, эх хэлээрээ сурч боловсрох эрх тулгамдсан хэвээр байгааг уулзалтын үеэр хөндлөө.
Дээд комиссарын зүгээс УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүдтэй уулзах хүсэлт гаргав

Сэтгэгдэл ( 0 )