66 сая жилийн настай үлэг гүрвэлийн ясанд коллаген олджээ

Я.Болор | Zindaa.mn
53 минутын өмнө

Олон улсын эрдэмтдийн баг 66 сая жилийн өмнө амьдарч байсан эдмонтозавр нугасан хошуут үлэг гүрвэлийн ясанд коллагены ул мөр илрүүлжээ.

Энэхүү нээлт нь чулуужсан ясан дахь бүх төрлийн органик бодис цаг хугацааны явцад бүрэн задардаг гэсэн ойлголтыг үгүйсгэж байна.

“Analytical Chemistry” сэтгүүлд бичсэнээр, эрдэмтэд Өмнөд Дакота мужийн Хэлл Крик гэх газарт олдсон үлэг гүрвэлийн 22 кг жинтэй ууцны ясыг судалжээ. Эдмонтозаврууд нь Цэрдийн галавын сүүл үед тираннозаврудтай зэрэгцэн амьдарч байсан аварга биетэй өвсөн тэжээлтэн үлэг гүрвэл.

Ясыг шинжлэхэд ясны эдийн гол уураг болох коллагены ул мөр олдсоноос гадна коллагентай холбоотой амин хүчил болох гидроксипролиныг мөн илрүүлсэн байна.

Ливерпулийн их сургуулийн профессор Стив Тейлорын ярьснаар, зарим төрлийн чулуужсан олдворуудад органик молекулууд хадгалагдан үлддэг болох нь батлагдаж байна. Тиймээс өмнө нь олдворуудад илэрч байсан уургийн ул мөрийг орчин цагийн бохирдол гэж шууд үзэх нь өрөөсгөл болж байна.

Үлэг гүрвэлийн зөөлөн эд хадгалагдах боломжийн тухай сэдэв сүүлийн 20 гаруй жилийн турш маргаан дагуулж иржээ. 2005 онд палеонтологич Мэри Швейцэр тираннозаврын араг ясанд зөөлөн эдтэй төстэй бүтэц олдсон тухай мэдээлж байсан юм. Мөн ижил төрлийн нээлтүүд хожим нь бүртгэгдэж байв.

Хэрэв ийм төрлийн уураг олон сая жилийн турш хадгалагдан үлдэх чадвартай бол устаж үгүй болсон амьтдыг судлах шинэ арга замыг нээнэ гэж судлаачид онцолжээ. Молекулын ул мөрөөр тухайн үлэг гүрвэлүүдийн төрлийн холбоо, тэдний өндөр, физиологи болон өвчнийг хүртэл судлах боломжтой болно. Гэхдээ гол асуулт нь нээлттэй үлдэж байна. Уураг хурдан задардаг бол хэрхэн молекулууд нь олон сая жилийг давж гарав? Ясан дахь эрдсүүд коллагены ул мөрийг задралаас хамгаалсан байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top