Монголын говиос ТУЙЛЫН ХОВОР сарвуу олджээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 27

Палеонтологич, геологичдын Олон улсын баг Монголын нутаг дэвсгэрт нэгэн үл мэдэгдэх амьтны аварга том сарвуу илрүүлж байжээ. Арав гаруй жилийн өмнө олдсон эл чулуужсан сарвууг үлэг гүрвэлийн "Үл мэдэгдэх төрөл"-ийнх гэж тогтоосон байна.

“iScience” сэтгүүлд бичсэнээр, чулуужсан олдворыг 2012 онд Монголын Шинжлэх ухааны академийн судлаачдын баг Говьд илрүүлсэн бөгөөд удаан хугацаанд агуулахад хадгалагдаж байжээ.

Саяхан хийсэн шинжилгээгээр эл яс нь Монголын палеонтологич Х.Цогтбаатарын нэрээр "Duonychus Tsogtbaatari" гэж нэрлэсэн нэгэн онцгой төрлийн үлэг гүрвэлийнх болохыг тогтоосон байна.

Энэ нь урд хөлдөө хоёр хуруутай анхны теризинозавр аж. Өмнө нь олдож байсан эл төрөл зүйлийн үлэг гүрвэлийн урд хөл нь гурван хуруутай олдож байжээ.

Олдвор нь 90 сая жилийн настай. Судлаачдын ярьснаар, Duonychus Tsogtbaatari" гэж нэрлээд буй үлэг гүрвэл нь гурван метр урт, 270 орчим кг жинтэй.

Монголын Говьд эл ховор төрлийн үлэг гүрвэлийн хоёр урд хөл хумстайгаа, таазны нэг хэсэг, нугасны ихэнх хэсэг хадгалагдан үлдсэн байсан аж. 
 

Олдвороос хамгийн онцгой нь 30 см урт, гурван хэмжээст байдлаараа хадгалагдан үлдсэн хумс гэнэ. Тэр бүү хэл хумсан дээр кератин давхаргын ул мөр үлдсэнээрээ туйлын ховор олдворт тооцогдож байна. Учир нь кератин маш хурдан задардаг бөгөөд ийн хадгалагдаж үлдэх нь нэн ховор гэнэ.

Урд хоёр хөл нь гурав биш хоёр хуруутай байгаа нь Duonychus Tsogtbaatari үлэг гүрвэлийн идэш хоолтой холбоотой байх талтай гэж эрдэмтэд таамаглаж байна. Эл амьтан асар хүчтэй сарвуугаараа модны бүдүүн мөчир тастан, иддэг байсан гэж үзэж байна. Эрдэмтэд энэхүү өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн талаар илүү ихийг олж мэдэхийн тулд олдворыг үргэлжлүүлэн шинжлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu