Үлэг гүрвэлийн үр хөврөл бүхий чулуужсан өндөг олджээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

БНХАУ-ын өмнөд хэсэгт овираптор махчин үлэг гүрвэлийн чулуужсан өндөг олджээ. Өндөгнөөс хагарч, гарч ирэх дөхсөн үр хөврөл гаднах төрхөөрөө орчин цагийн шувууны үр хөврөлтэй төстэй гэнэ.

Их Британийн Бирмингемийн их сургуулийн судлаач Ма Вайсуны хэлснээр, үлэг гүрвэлийн чулуужсан үр хөврөл нь туйлын ховор олдвор төдийгүй бараг бүгд их гэмтсэн байдаг. Тиймээс анх гарсан байдлаараа хадгалагдан үлдсэн “Бяцхан Инлян”-ыг нээсэндээ эрдэмтэд ихээхэн олзуурхаж байна гэж Вайсун онцолсон байна.

Энэ зууныг хүртэл палеонтологичид цөөн тооны үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, өндөгний хальсны хэлтэрхийнүүд илрүүлж байсан бол сүүлийн хорин жилд олон томоохон нээлтүүд хийжээ. Тухайлбал, эрдэмтэд Хятадын хойд хэсэг болон Монголын говьд хэд хэдэн томоохон “өндөгний оршуулгын газар” нээсэн бол Өмнөд Африкт манай гараг дээр амьдарч байсан аварга том биетэй үлэг гүрвэлийн олон арван өндөг илрүүлжээ.

Эдгээрийг судалснаар ихэнх үлэг гүрвэлүүд нь бүлээн цустай амьтад байжээ. Түүнчлэн, тэд орчин цагийн шувуудын адил үүр засаж, өндгөө дардаг байсныг олж тогтоосон байна.

Энэ зууны эхээр Хятадын өмнөд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг “YingliangGroup” компанийн уурхайн ажилчид үлэг гүрвэлийн өндөгтэй төстэй зууван хэлбэртэй олдворыг Цэрдийн галавын сүүлч үед хамаарах тунамалд илрүүлжээ. Олдворыг “YingliangGroup” захирал Лю Лян өөрийн цуглуулгадаа хадгалж байгаад хожим нь Шямень хотод тус компанийн барьсан музейд бэлэглэжээ. Удаан хугацаанд энэхүү ховор олдвор эрдэмтдийн анхаарлын гадуур үлдсэн байна.

Музейн үзмэрүүдийг бүртгэлжүүлэх явцад Ма Вайсун тэргүүтэй эрдэмтдийн баг рентгений тусламжтай өндгийг гэрэлтүүлэхэд дотор нь хөгжлийнхөө сүүлчийн шатанд орсон маш сайн хадгалагдаж үлдсэн үр хөврөл байхыг илрүүлжээ. Энэ нээлт нь үлэг гүрвэлийн үр хөврөл ямар төрхтэй байсан, орчин цагийн шувуутай төстэй эсэхийг олж мэдэх боломж олгосон байна. Тухайлбал, “Бяцхан Инлян” хэмээх нэр авсан үр хөврөлийн арьс тахиа зэрэг шувуудын адил өдөөр бүрхэгдсэнээс гадна үр хөврөлийн байрлал нь мөн шувуудынхтай ижил байжээ. Толгойгоо хоёр хөлийнхөө дунд хийсэн байрлал нь зөвхөн шувуунд байдаг бөгөөд ингэснээр дэгдээхий өндөгний хатуу хальсыг хагалж, гарахад нь хялбар байдаг байна. Энэ онцлог нь зөвхөн шувуудын дээд өвөг төдийгүй теропод зэрэг хоёр хөлтэй махчин үлэг гүрвэлд хамаатай болохыг Ма Вайсун тэргүүтэй эрдэмтэд баталжээ.

Овираптор үлэг гүрвэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top