Бристолийн их сургуулийн эрдэмтэд үлэг гүрвэлүүдэд 160 сая жилийн турш дэлхий дээр ноёрхлоо тогтоосон хувьслын гол давуу талыг нь олж тогтоожээ.
“Royal Society Open Science” сэтгүүлд бичсэнээр, үлэг гүрвэлүүд бусад төрөл зүйлээс хөлийнхөө ачаар энэ олон сая жилийн турш амьдарч чаджээ. Хоёр болон дөрвөн хөл дээрээ явж сурснаар тэд Мезозойн галавын үеэс /251.9-201.3 сая жилийн өмнө/ 66 сая жилийн өмнө устаж үгүй болох үе буюу Цэрдийн галавын үе хүртэл дэлхий дээр ноёлсон сээр нуруутан болжээ. Үлэг гүрвэлүүд Avemetatarsalia бүлэгт хамаардаг байсан ба тэдэнтэй зэрэгцэн орчин цагийн матрын өвөг ордог Pseudosuria бүлэг амьтад хөгжиж байжээ. Тус хоёр бүлэг хоёул Мезозойн галавын үед үүсжээ. Судлаачид тус хоёр бүлэгт хамаарах 208 амьтны хөлийн чулуужсан ясыг судалжээ. Үлэг гүрвэлүүд эхэндээ хоёр хөл дээрээ явж, гүйдэг байсан бол бусад төрөл зүйл мөлхдөг байсан гэнэ. Хурдан гүйх чадвар нь ангаа барих, махчин гүрвэлүүдээс зугтах боломж олгосноор Мезозойн галавын үеийн хуурай уур амьсгалд амьдрах давуу тал болж байжээ. Мезозойн галавын сүүл үед Pseudosuria бүлгийн ихэнх төрөл зүйл устсан байна. Түүнчлэн, үлэг гүрвэлүүд өднийхөө тусламжтай биеийн халуунаа зохицуулах зэрэг чухал чадваруудыг хөгжүүлж чаджээ.
Сэтгэгдэл ( 0 )