Үлэг гүрвэл дэлхийд ноёлж байсан үед далайн урт хүзүүтэй үлэг гүрвэлүүд маш эмзэг байсан тухай “Current Biology” сэтгүүлд бичжээ.
Тухайн үед зарим далайн үлэг гүрвэлүүд хэтэрхий урт хүзүүтэй байжээ. Хэдийгээр биеийн энэ онцлог давуу талтай байсан ч хэтэрхий урт хүзүүтэй амьтад нь махчин үлэг гүрвэлийн хоол болоход хялбархан байжээ.
Германы Штутгартын Байгалийн музейн судлаач Стефан Шпикманаар удирдуулсан эрдэмтдийн баг үүнийг баталсан нотолгоо олжээ. Үүний тулд судлаачид Мезозойн галавын үед амьдарч байсан Tanystropheus төрөл зүйлийн хоёр урт хүзүүт үлэг гүрвэлийг судалжээ. Энэхүү төрөл зүйл хэт урт хүзүүтэй байжээ. Тэдний араг ясыг судлахад, хүзүү орчимдоо хазуулсан ул мөр тод үлдсэн байна. Энэ бол 240 сая гаруй жилийн өмнөх махчин үлэг гүрвэл, тэдний идэш болсон үлэг гүрвэлийн харилцааг харуулсан үнэт нотолгоо хэмээн эрдэмтэд үзэж байна. Ингэхдээ үлэг гүрвэлийн гавлын яс болон хүзүүний зарим хэсэг нь бүтэн үлджээ. Биеийн бусад хэсэгт ч хазуулсан ул мөр олдоогүй байна. Хүзүү тасарсан байсан нь өөр амьтанд хазуулсны ул мөр илтгэж байна. Махчин үлэг гүрвэлийг нарийн хүзүү нь бус мах нь татсан нь дамжиггүй гэж эрдэмтэд дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 0 )