Их Британийн археологичид Кембрижшир гүнлэгийн Фенстентон тосгонд малтлага хийх үеэр эртний Ромын үед хамаарах цовдлуулсан хүний булш илрүүлжээ.
“Albion Archaeology” компанийн мэдээлснээр, III-IV зуунд амьдарч байсан эрэгтэй хүн 25-35 настай байсан бөгөөд шүд, үе мөчний өвчний шинжтэй байжээ. Шарилын хажууд 12 ширхэг хадаас олдсон нь эл хүний цогцсыг оршуулгын тэрэг дээр эсвэл модон самбар дээр байрлуулсныг илтгэж байна гэж эрдэмтэд үзэж байна. 13 дахь хадаас хөлийн тавхай тус газар нэвт хөндлөн гарчээ. Үүнтэй зэрэгцэн араг ясанд өөр нэг цоорхой байсан нь дээрх гэмтэл нь санамсаргүй байсныг үгүйсгэж байна. Учир нь эхний удаад хөлийн уланд хадаас хатгах оролдлого бүтэлгүйтсэн гэж судлаачид үзжээ.
Энэхүү олдвороос өмнө эртний Ромын үед хамаарах цовдлуулсан шинж тэмдэгтэй гурван шарил дэлхийд олдож байжээ. Судлаачдын хэлснээр, энэ төрлийн цаазын ялыг загалмай дээр олсоор уях замаар гол төлөв гүйцэтгэдэг байжээ. Ингэхдээ хадаас хэрэглэсэн тохиолдолд цаазлуулсан хүн нас барсны дараа хадаасыг биеэс нь авдаг байсан аж. Кембрижширээс олдсон хүний хувьд хадаас нь тахийсан учир биеэс нь гаргаж авч чадаагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )