Ромын үндэслэгч Ромулус хааных гэж үзэж буй эртний бунхныг дэлхий нийтэд танилцууллаа.
МЭӨ VI зуунд хамаарах чулуун бунхан болон дугуй хэлбэртэй сүмийн гонхыг Италийн нийслэлийн төв Форум талбайн дороос арван жилийн өмнө олж нээсэн ч шинжээчид энэхүү олдвор Ромулусынх гэдэгт санал нэгдэж чадаагүй юм.
Домогт өгүүлснээр, Ромулус өөрийн ихэр Ремусийн амийг хөнөөсний дараа Ром хотыг байгуулжээ. Ах дүү хоёрыг эх чоно өсгөсөн хэмээдэг бөгөөд үүнээс үүдэн эх чонын сүү хөхөж буй хүүхдүүд Ромын түүхийн бэлэг тэмдэг болжээ. Түүхчид олон жилийн туршид энэ ах дүү хоёр амьдарч байсан эсэх, хэрэв байсан бол Ромулусын шарил хаана байрлаж буй тал дээр санал зөрөлдөж иржээ.
Колизейн археологийн цэцэрлэгт хүрээлэн энэхүү онцгой олдвор нь Ромын үндэслэгчийнх болохыг илтгэж байна хэмээн мэдэгдсэн байна. Форум нь Ромын эзэнт гүрний төв байсан бөгөөд түүхийн эх сурвалжуудад Ромулусын бунхан энэ орчимд байрладаг тухай дурдсан байдаг гэнэ. Гэхдээ бунханд шарил, хүний араг яс олдоогүй байна.
Домогт өгүүлснээр, Ромулус Палатин толгойг тойруулан ирээдүйн хотын ханын хилийн зурвасыг тэмдэглэжээ. Ремус энэ хана гаднаас халдах дайснаас хамгаалж чадахгүй хэмээн дүүгээ тохуурхахад тэр түүний амийг хөнөөсөн аж. Хэсэг эрдэмтэд 1980-аад оны сүүлээр малтлага хийх явцдаа том чулуугаар тэмдэглэсэн урт, гүнзгий хагалбар олж нээсэн бөгөөд үүнийг тэд Ромулусын тэмдэглэсэн “ариун шан” гэж үзжээ. Домог ёсоор, Ромулус хотыг босгон, Ромын сенатыг байгуулж, 40 орчим жил хотыг захирсан анхны хаан байсан ба цэрэг, армиа шалгах зорилгоор явж байгаад нэг өдөр агаарт замхарсан гэдэг. Зарим домогт түүнийг дайны бурхан тэнгэрт авч одсон гэдэг бол сенаторууд түүний амийг хөнөөж, бие цогцсыг нь хэсэгчлэн, хотоор тарааж хаясан гэх хувилбар мөн байдаг. Тиймээс түүний шарил байдаггүй гэж үздэг байна.
Ямартай ч Ромулус домог болж, эртний хот хайртай, үлгэр домгийн үндэслэгчдээ зориулан ариун сүм босгожээ.
“Ромулус бодит дүр эсэх нь чухал биш. Хамгийн гол нь энэ дүр хотын улс төрийн эхийг тавьсан гэж эртний өвөг дээдэс үзсээр ирсэн” гэж Италийн археологич Пауло Карафа онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )