Малайзад хамгийн эртнийхэд тооцогдох булш олджээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 11

 

Малайзын үндэсний их сургуулийн археологичид 16 мянган жилийн өмнөх үед хамаарах эртний булш илрүүлжээ.

Судлаачид нийслэл Куала Лумпур хотоос 215 км зайд байрладаг Ненггири хөндий дэх агуйнуудыг судлах үед энэхүү нээлтээ хийжээ. Олон тооны эд өлгийн зүйлс бүхий булш нь Шинэ чулуун зэвсгийн өмнөх үед ан гөрөө хийн, үр жимс түүж амьдарч байсан хүй нэгдлийн хүмүүсийнх гэж судлаачид үзэж байна. Хоабин соёлын хүмүүс чулуугаар зэвсэг хийхдээ гарамгай байсан ба янз бүрийн зэрлэг ургамлыг хүнсэндээ хэрэглэдэг байжээ. Хожим нь эдгээр ургамлыг Зүүн өмнөд Азид тариалдаг болсон байна. Археологичдын баг нийт 13 шохойн агуйд 16 булш илрүүлсэн байна. Булшнуудад чулуун зэвсэг, гоёл чимэглэл, шавраар хийсэн эд зүйлс, улаан өнгийн шороон будаг, болор зэрэг 41 мянган ширхэг эд өлгийн зүйлс олджээ. Эрдэмтэд эдгээрийг оршуулгын зан үйлийн дагуу шарилтай цуг оршоосон гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top