2014 оны гуравдугаар сарын 8-ны өдөр MH370 дугаар нислэг үйлдэж явсан Malaysia Airlines компанийн Боинг 777 онгоц ор сураггүй алга болоод 12 жил өнгөрчээ. Өнгөрсөн ооны арванхоёрдугаар сард эхлүүлсэн эрлийн ээлжит ажиллагаа бүтэлгүйтсэн тухай Малайзын тээврийн яам ням гарагт мэдээллээ.
Куала Лумпур хотоос Бээжингийн чиглэлд нисэж явсан тус онгоцны 239 зорчигчийн ихэнх нь хятадууд байсан бөгөөд үлдсэн нь Малайз, Индонез, Австхали, Энэтхэг, АНУ, Франц, Нидерландын иргэд байжээ.
Малайзын эрх баригчид иргэний агаарын тээврийн түүхэн дэх хамгийн нууцлаг том ослын нэг болох МН370 нислэгтэй юу тохиосныг тогтоохоор хэд хэдэн удаа эрлийн ажиллагаа зохион байгуулж байсан ч онгоцны хэлтэрхий, зорчигч, хар хайрцгийг өнөө хэр илрүүлж чадаагүй л байна.
Ээлжит эрлийн ажиллагааг Их Британи, Америкийн хамтарсан Ocean Infinity компани нийт 15 мянган кв км газарт явуулжээ. Тус компани 6000 метрийн гүнд шумбах чадвартай дронуудыг ашигласан ч ямар ч үр дүнг хүрээгүй байна. Тиймээс эрлийн ажиллагааг энэ оны нэгдүгээр сарын 23-нд албан ёсоор зогсоожээ.
Өнгөрсөн ням гарагт онгоц алга болсны 12 жилийн ойгоор хятад зорчигчдын ар гэрийнхнээс нээлттэй захидал нийтэлж, сүүлийн эрлийн ажиллагааны явцын талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүйг шүүмжилсэн байна. Малайзын ерөнхий сайд Анвар Ибрагимд хаягласан захидалд хохирогчдын ар гэрийнхэн эрлийн ажиллагааны хүндрэл бэрхшээлийг ойлгож байгаагаа илэрхийлээд нэгдүгээр сарын 15-аас хойш эрлийн талаар ямар нэгэн мэдээлэл аваагүй хэмээн онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )