.jpg)
Нью Йорк хотод “Sotheby’s” дуудлага худалдааны ордон Жоди нэртэй үлэг гүрвэлийн араг ясыг 47 сая гаруй ам.доллароор заржээ.
Тус ордон 67 сая жилийн настай олдвор 6-9 сая ам.долларт хүрнэ гэж тооцоолж байжээ. “Sotheby’s” ордны мэдээлснээр, худалдан авагч нэрээ нууцлахыг хүссэн байна. Ийнхүү Жоди түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан балар эртний олдворын жагсаалтын хоёрт бичигдэх болов. Долоодугаар сарын 15-нд Нью Йорк хотноо Гус нэртэй тираннозаврын араг яс 50.1 сая ам.доллароор зарагдсан билээ.
Гурван метр өндөр нанотираннусын араг яс нийт 191 яснаас бүрдэж байгаа бөгөөд гавлын яс нь бараг бүтнээрээ хадгалагдсан байна.
Нэг жилийн өмнө эрдэмтэд Жоди нь нанотираннус төрөлд хамаарахыг баталсан. Өдгөө шинжлэх ухаан гурван нанотираннусын араг ясыг тодорхойлоод байна. Энэхүү төрөл нь тираннозавртай геологийн ижил үед буюу 67 сая жилийн өмнө амьдарч байжээ.
Нанотираннусын төрлийн албан ёсоор тодорхойлохоос өмнө Жодийг Лондонгийн олон улсын үзэсгэлэнд залуу тираннозавр хэмээн толилуулж байв. Араг ясыг Монтана мужийн Хелл-Крикт Жоди Пирсон гэгч эмэгтэй анх илрүүлсэн тул түүний нэрийг ийн өгсөн байна.
Шинжлэх ухааны хүрээлэлд үлэг гүрвэлийн олдворуудыг хувь хүнд худалдаж болох эсэх асуудал маргааны сэдэв байсаар байна. Эрдэмтэд баян чинээлэг хүмүүсийн цуглуулгад орсон олдворуудыг судлах боломжгүй болно гэж болгоомжилж байгаа юм. Эдинбургийн их сургуулийн палеонтологич Стив Брусатти үлэг гүрвэлийн олдворыг дуудлага худалдаагаар зарахыг аюултай үзэгдэл гэж үзэж байна. Нэг ч музей, нэг ч их сургууль ийм их хэмжээний мөнгө төлж чадахгүй. “Мона Лиза” нэгэн чинээлэг эрхмийн цуглуулгад орж, хэн ч агуу бүтээлийг үзэж, нүдээ баясгаж чадахаа болино гэж төсөөлөөд үз хэмээн тэр ярьжээ.


Сэтгэгдэл ( 0 )