Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийлээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Дэмчог соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулагдсан Монгол Улсын анхны геопарк болох “Ханбогд–Шар цав”-ын нээлт боллоо.

Арга хэмжээг нээж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэлэхдээ “Ханбогд–Шар цав” геопарк нь геологи, палеонтологи, соёлын өвийг хамгаалах, олон улсад таниулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтойг онцлов.

Тэрбээр мөн тус геопаркийг цаашид Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгтгэх нь 50 улсын 240 гаруй геопаркуудын сайн туршлагаас суралцах, дэлхий судлалын шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтойг тэмдэглэв.

Мөн арга хэмжээний үеэр Өмнөговь, Дорноговь аймаг болон Ханбогд, Манлай, Мандах, Хатанбулаг сумын Засаг дарга нар “Ханбогд–Шар цав” геопаркийг хамтран хөгжүүлэх, хамгаалах, менежментийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг нь геопаркийн хамтын засаглалыг бэхжүүлэх, цаашид Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэх бэлтгэл ажлыг уялдуулан хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Арга хэмжээнд Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан, Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Геопаркийн үндэсний хорооны дарга Х.Санчигдорж болон төр, олон улсын байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцов.

Монгол Улсын анхны үндэсний геопарк нээлтээ хийсэн нь геологийн өв, байгалийн хосгүй тогтоц, нүүдлийн соёлын үнэт өвийг хамгаалах, олон нийтэд таниулах, цаашлаад Монгол Улсыг Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгтгэх чухал эхлэл болж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top