Үлэг гүрвэлийн олдворуудын үнэ цэн: Шинжлэх ухаан чухал боломжуудыг алдаж буйд судлаачид эмээж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өнгөрсөн долоо хоногт хожуу Цэрдийн үеийн Трицератопс үлэг гүрвэлийн чулуужсан араг яс онлайнаар 5.5 сая ам.доллароор зарагдсан нь асар их мөнгөөр зарагдсан үлэг гүрвэлүүдийн жагсаалтын сүүлд бичигдэж байна.

Сүүлийн жилүүдэд чинээлэг эрхмүүд нэгэн цагт дэлхийд ноёрхож байсан үлэг гүрвэлийн яс, гавал тэр бүү хэл бүхэл бүтэн араг ясыг нь худалдан авахыг сонирхох болж, эртний олдворуудын эрэлт, үнэ өсөхөд хүрээд байна гэж шинжээчид онцолжээ.

Сүүлийн зургаан жилд дуудлага худалдаагаар ийм төрлийн гурван олдвор 30 сая гаруй ам.доллароор зарагджээ. Абу Дабигийн Соёл, аялал жуулчлалын газар дэлхий дээр хамгийн сайн хадгалагдаж үлдсэн Т.рекс үлэг гүрвэлийн араг ясыг 2020 онд 31.8 сая ам.доллароор худалдан авч байсан. 2024 онд Стегозавр үлэг гүрвэлийн олдворыг тэрбумтан Кеннет С.Гриффиний сан 44.6 сая ам.доллароор худалдан авч, үнийн рекордыг эвдэж байлаа. Холливуд ч энэ чин хандлагаас дутсангүй. Нэрт жүжигчин Николас Кейж Тираннозаврын гавлын ясыг 276 мянган ам.доллароор дуудлага худалдаагаар авч байсан бол Рассел Кроу мэргэжил нэгт Леонардо Ди Каприогийн гэрийн ханыг чимж байсан Мосазавр үлэг гүрвэлийн толгойг 35 мянган ам.доллароор авч байжээ.

 

 

Трицератопс үлэг гүрвэлийн онлайн дуудлага худалдааг зохион байгуулсан Joopiter онлайн дуудлага худалдааны ордны худалдаа хариуцсан захирал Кэйтлин Донованы хэлснээр, Christie’s эсвэл Sotheby’s дуудлага худалдаагаар ховор ном эсвэл шилдэг уран зураг худалдан авах нь өнгөрсөн үед үлдэж байна. “Үлэг гүрвэлийн тухай уран зөгнөж, тэднийг төсөөлөхөд ч бэрх ер бусын гайхамшигтай зүйл гэж боддог. Өөрийн цуглуулгадаа өөрийн гэсэн үлэг гүрвэлтэй болно гэдэг бол таван настай хүүхэд бүрийн мөрөөдөл шүү дээ” гэж тэр CNN агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

26 настай урлагийн бүтээл цуглуулагч, крипто валютын хөрөнгө оруулагч хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж, зургаан метр урт Трицератопсыг ийн худалдан авчээ. Олдворыг 1993 онд Вайоминг мужид хувийн палеонтологийн компани илрүүлж байжээ.

Joopiter компанийн мэргэжилтэн Вэй Янгийн ярьснаар, үлэг гүрвэлийн олдворууд нь цуглуулгаас гадна ашигтай бизнес болоод байна.

Ховор дарс, урлагийн бүтээл, автомашин зэрэг цуглуулгаас үлэг гүрвэл нь хамаагүй ухаалаг, шинэ хөрөнгө оруулалт болж байна гэж Янг онцолжээ.

Усанд хаясан чулуу 

Харин бусад хүмүүс энэхүү цоргыг хаахыг хүсэж байна. Шинжлэх ухааны асар их ач холбогдолтой олдворууд хувь хүмүүсийн гарт очиж, эрэлт нь өсөж байгаад тэднийг судлахад бүх насаа зориулж байгаа хүмүүсийн санааг түгшээж байна.

Сээр нуруутны палеонтологийн хүрээлэн нь үлэг гүрвэлүүдийн олдворуудыг арилжааны зорилгоор худалдаж байгааг эсэргүүцэж, үнэт олдворуудыг бүх нийтийн сайн сайхны төлөө судлах, хадгалах мэргэжлийн байгууллагуудад хүлээлгэн өгөхийг уриалдаг.

 

 

Эдинбургийн их сургуулийн профессор Стив Брусэтт “30 сая ам.доллар гэдэг нь олон арван жилийн турш эртний олдворуудыг судлах хээрийн болон лабораторийн ажлыг санхүүжүүлэх мөнгө. Энэ бол шинжлэх ухааны ертөнцөөс хальсан их мөнгө” гэж ярьжээ.

Музей болон шинжлэх ухааны хүрээлэнгүүд тэрбумтан, булангийн орнуудын засгийн газартай энэ тал дээр өрсөлдөж дийлэхгүй. Хэдийгээр дуулиан шуугиантайгаар өндөр үнэд хүрч зарагдсан хоёр олдворын хувьд Америкийн Байгалийн түүхийн музей, Абу Дабигийн Байгалийн түүхийн музейд тус тус олны хүртээл болж байгаа ч зарим гайхалтай, шинжлэх ухаан болон боловсролын асар их үнэ цэнтэй олдворууд “усанд орсон чулуу” мэт олны нүднээс алга болно гэдэгт харамсаж буйгаа профессор Брусэтт илэрхийлжээ.
 

Үлэг гүрвэл хэнийх вэ?

1997 онд Чикагогийн хээрийн музей дуудлага худалдаагаар “Сью” нэртэй Т.рексийн олдворыг 8.3 сая ам.доллароор авсны дараа үлэг гүрвэл “цуглуулгын бэлэг тэмдэг” болсныг Лондонгийн Байгалийн түүхийн музейн палеонтологич, профессор Пол Барретт  хүлээн зөвшөөрчээ. Орчин үеийн палеонтологичид, чулуужсан олдворын наймаа хоёр шууд холбоотой гэдгийг профессор Стив Брусэтт ч мөн мэдэж байгаа.

Байгалийн түүхийн музейн палеонтологийн сан нь 200 гаруй төрөл зүйлийн үлэг гүрвэлд хамаарах найман сая чулуужсан олдвортой. Цуглуулагчид олдворуудаа зараагүй бол эдгээр үнэт үзмэрүүд байхгүй байх байсан. Нэрт палеонтологич Мэри Эннинг олдворуудын томоохон дилер байсныг профессор Барретт онцолсон байна.

“Хэрэв мэргэжил нэгт нөхдийн маань нэг арилжааны зорилготой цуглуулга буруу гэж үзвэл карьерынхаа ихэнх цаг хугацааг цуглуулагчдаас худалдаж авсан материалуудыг судлахад зориулсан гэдгээ үгүйсгэсэн хэрэг болно” гэж Барретт учирлажээ.

 

 

Асуудлын уг суурь нь үлэг гүрвэлийн олдворуудын үнэ тэнгэрт хадаж байгаад оршиж байна. Гэтэл үүнийг шийдэхэд улам олон асуудлуудыг дагуулдаг байна. Тухайлбал, үнэт олдворуудыг эзэмших асуудлыг хуульчилбал өөрсдийн нутаг дэвсгэрээс олсон олдворуудыг зарж, амьдралаа залгуулдаг хөгжиж буй орнуудын ард иргэдийг хоолгүй болгох эрсдэлтэй. “Лондон хотын төвд тухтай байранд амьдарч буй би уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган гачигт нэрвэгдэж байгаа Морокко улсын /үлэг гүрвэлийн олдворууд их олддог/ фермерт олдворуудыг зарж, амьдралаа дээшлүүлж болохгүй гэж хэлэх би хэн юм бэ” гэж Барретт асууж байна.

Зарим орнууд үлэг гүрвэлүүдийн олдворын тухай хууль гаргасан нь бий. Тухайлбал, Өмнөд Африкт 1999 оноос хойш чулуужсан олдворуудыг зөвшөөрөлгүй цуглуулах, борлуулахыг хориглодог бол Хятадад бүх олдворуудыг шинжлэх ухааны ач холбогдолтой гэж үзэн, соёлын үнэт өвийн адил улсын хамгаалалтад авдаг.

Брусэтт мөн үлэг гүрвэлийн олдворуудыг хуульчлах нь олон тэрбум ам.долларын наймааг зогсооно гэдэгт итгэлгүй байна. Хэдийгээр ийм төрлийн дуудлага худалдааны үнийн дүнд тэрбээр эмзэглэж байгаа ч тайвшрах зүйл ч бас бий. “Үлэг гүрвэлийн олдворын дуудлага худалдааг “эртний хэлхээ араг яс”, “хэнд хамаатай юм” гэсэн нүдээр харж, үнэ хаялцахаа байвал бид гайхамшигтай сүрлэг үлэг гүрвэлүүдийг үүрд алдана” гэж Брусэтт онцолжээ. Хэдийгээр энэ нь тийм ч сайхан асуудал биш ч ямартаа ч олон нийтийн үлэг гүрвэлийг сонирхсон сонирхол байсаар байгааг илтгэж байна. Энэ л бидэнд урам зориг өгч, шинжлэх ухааны хөгжлийг урагшлуулж байна гэж тэр ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top