АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Кубад эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ, түлшний хориглолтын тусламжтай өөрчлөлт хийх оролдлого нь бүтэлгүйтсэний дараа цэргийн ажиллагаа явуулах хувилбарыг судалж байна гэж Politico хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ.
Анхандаа Трампын засаг захиргаа хориг арга хэмжээгээ чангатгах, Венесуэл болон Ираны эсрэг цэргийн ажиллагаагаар кубачуудыг айлган, улмаар хэлцэлд хүргэнэ гэж тооцоолж байсан. Гэвч Ираны цэргийн ажиллагаа санаснаар нь болоогүйн дээр кубачууд ч шүд зуух чадвартай болж таарчээ. Тиймээс цэргийн ажиллагаа явуулах асуудал хэзээ хэзээнээс илүү хөндөгдөх болсныг тус сонин дурджээ.
Пентагон Кубын эрх баригчдыг буулт хийлгэх зорилготой агаарын цохилт өгөхөөс авхуулаад төрийн эргэлт хийх зорилготой хуурай газраар довтлох хувилбаруудыг авч үзэж байна.
АНУ-ын Өмнөд командлал сүүлийн хэдэн долоо хоног шуурхай төлөвлөлтөд орж, Кубад довтлох хувилбаруудад бэлдэж эхэлсэн байна.
Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Хавана хотод айлчилж, Кубын дотоод хэргийн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийжээ.
Бямба гарагт “New York Times” сонин мөн эх сурвалж дурдан, Венесуэлийн сценарын дагуу Кубын удирдагч асан Рауль Кастрог баривчлах хувилбарыг авч үзэж байна гэж мэдээлсэн.
Нэгдүгээр сарын 29-нд Доналд Трамп Куба улсад газрын тос нийлүүлж буй улс орны бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах зарлиг гаргаж байсан билээ. АНУ эрчим хүчний хориглолтоороо Кубын эдийн засгийг боомилж, ард иргэдийнх нь амьдралыг тэвчишгүй болгохыг зорьж байна гэж арлын засгийн газар мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )