Өнгөрсөн хоёрдугаар сарын 4-өөс хойших хугацаанд АНУ-ын Нисэх хүчин Куба орчим дор хаяж 25 нислэг үйлджээ. Тагнуулын зорилготой нислэгүүдийн ихэнхийг Хавана болон Сантьяго де Куба орчим үйлдсэн гэж CNN агентлаг тодруулсан байна.
Үүнд далайн тагнуулын P-8A Poseidon онгоц болон тагнуулын RC-135V Rivet Joint онгоц, MQ-4C Triton дронуудыг дайчилсан байна.
Өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэл хийхдээ, Вашингтон Ираны эсрэг цэргийн ажиллагааг дуусгасны дараа Кубын талаар явуулах үйл ажиллагааны чиглэлийг боловсруулна хэмээн мэдээлсэн. Үүнээс өмнө тэр Куба улсын засгийн газар, эдийн засаг нь Венесуэлээс газрын тос нийлүүлэхээ зогсоосноос хойш уналтад ороод буйг нэг бус удаа онцолж байсан юм. АНУ найрсаг замаар Кубад хяналтаа тогтоох боломжтой гэж Цагаан ордны тэргүүн мэдэгдэж байв.
Кубын Ерөнхийлөгч Мигель Диас Канел талууд хоёр талын маргаантай асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхээр яриа хэлэлцээ хийсэн тухай мэдээлж байсан.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Кубын тэргүүн асан Рауль Кастро-гийн ач хүү Рауль Родригес Кастротой арлын ирээдүйн талаар нууц уулзалтаар хийсэн тухай Axios портал өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )