АНУ Рауль Кастрогийн эсрэг хэрэг үүсгэжээ

Я.Болор | Zindaa.mn
56 минутын өмнө

АНУ-ын эрх баригчид Кубын хувьсгалын удирдагчдын нэг армийн генерал Рауль Кастрогийн эсрэг хэрэг үүсгэсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

АНУ-ын хууль зүйн яамны мэдээлснээр, Кубын ерөнхийлөгч асан болон тус улсын таван цэргийн албан тушаалтныг 1996 онд иргэний агаарын тээврийн хоёр онгоцыг сөнөөсөн хэрэгт буруутгаж байна. Энэ оны эхээр Флорида мужийн прокурорын газар эл хэргийн мөрдөн шалгах ажиллагааг сэргэсэн тухай “CBS News” суваг мэдээлж байсан юм.

Энэхүү алхам нь Кубад үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлнэ гэж тооцоолж байна гэж CNN суваг онцолсон байна. Тус шийдвэр АНУ-ын засаг захиргаа хууль зүйн яамаа Вашингтоныг сөрдөг улс орнуудын тэргүүнүүдийн эсрэг ашигладаг болсныг нотлох бас нэг жишээ боллоо гэж  CNN онцлоод энэ нь АНУ Кубын эсрэг томоохон цэргийн ажиллагаа явуулж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна гэжээ.

Тодруулахад, 1996 оны хоёрдугаар сард Кубын сөнөөгч онгоцнууд Майамид куба цагаачдын байгуулсан “Brothers to the Rescue” хүний эрхийг хамгаалах байгууллагын хоёр онгоцыг сөнөөсөн хэрэг гарчээ. Үүний улмаас нисэх багийн дөрвөн гигшүүн амиа алдсан байна. Тухайн үед Рауль Кастро батлан хамгаалахын сайдаар ажиллаж байв.

Кубын засгийн газар тус хоёр онгоц агаарын хилийг зөрчсөн хэмээн тайлбарласан бол Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас явуулсан шалгалтаар тэрхүү халдлага нь дундын бүсэд болсон гэсэн дүгнэлтэд хүрч байжээ.

Үүнтэй зэрэгцэн “Politico” хэвлэл Цагаан ордны тэргүүн Доналд Трамп Кубатай холбогдуулан дипломат болон цэргийн ажиллагаа явуулах хувилбаруудыг судалж байгаа тухай мэдээлжээ. Гэхдээ одоогоор энэ тал дээр ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Өчигдөр Пентагон АНУ-ын Тэнгисийн хүчний “Nimitz” онгоц тээвэрлэгч хөлөг Карибын тэнгист орж ирсэн тухай мөн мэдээлсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top