Эрх мэдлийн төлөө заамдалцаад заамдалцсан чигээрээ бүтэн нэг жилийг үдсэн Ардын намын өнгөн дээр махны үнэ 40 гаруй хувь өсчихлөө. Өссөн үнэ өсөрхөх шалтгаан болж Ерөнхий сайд нь Хотын даргыг хавирч унагаалаа. Авчиг махны үнэ өссөн чигтээ, инфляцын шалтгаан болоод торойж байна. Н.Учрал “Дэнжийн 1000”-д ”Алга болсон махыг олно” гэж хөмсөг зангидахдаа махны үнийг өдөөх үг хэлж байгаагаа даанч ухаараагүй нь лавтай.
Арван оны өмнө бүх зүйл сайхан байж. Зарим дарга нар даргын суудлаа мөрөөдөж ахуй дор 2015 оны өдрийг үхрийн цул мах 1 кг нь 10.3 мянган төгрөг байлаа. Ястай нь бол 8.5 мянган төгрөг ч байсан гэдэг. Адууны мах кг тутамдаа зургаан мянга руу ч дөхдөггүй байлаа. Үүнээс хойш харин яасан гээч бүх төрийн махны үнэ кг тутамдаа 158% өсчихсөн. Тиймээ та буруу хараагүй 158% шүү дээ. Байнга шахуу дайнтай байдаг булангийн орнуудад ч ингэж өсөөгүй. Украин улс гэхэд Оросын цэргийн ажиллагаанаас хойш ч ингэж өсөөгүй. Дайн байлдаангүй Монгол оронд ийнхүү 10 жилийн дотор махны үнэ 158% өсчихлөө. Уг нь 2019 оноос эхлэн махны үнэ тогтвортой өсөж эхэлжээ. Хэрэв тухай бүрд нь оносон бодлого баримталсан бол махны үнэ 100 хувь давтлаа өсөөч үү, үгүй ч үү. Энэ бүхэн мэдээж засаглалын буруу бодлоготой холбоотой. Энэ хугацаанд Засгийн эрх гагцхүү Ардын намд хадгалагдаж байсныг санах нь илүүц биз. Нийт гурван сонгуульд ялалт байгуулж олонх болохдоо махны үнийн өсөлтийг, инфляцтай уялдуулж барина гэж амладаг байлаа. Гэсэн хэдий ч байдал яг л хэвээрээ байна. Энэ хооронд гүйцэтгэх засаглалын тэргүүн гурвантаа, парламентын спикер ч гурвантаа, асуудал эрхэлсэн яамны сайд нь ч гурвантаа солигджээ.
Гүйцэтгэх засаглал, парламентын спикер, асуудал эрхэлсэн яамны сайд нь гурвантаа солигджээ. Харин 10 жилийн дотор бүх төрлийн махны үнэ 158% өсжээ...
Аливаа бизнес “win to win” зарчмаар ажиллах ёстой. Харин манайд улаан махны бизнес хоёр талдаа хохирогчтой бизнес загвар болчихсон. Махны үнэ өсөхөд малчны халаасанд ашиг ордоггүй. Үнийн нэмэгдэл нь замын зардал, шатахуун, агуулахын түрээсэнд явчихдаг. Үүнээс олон шат дамжлаг ч бий. Малчин махаа ченж нарт хямд өгөөд, хэрэглэгч махаа үнэтэй авдаг. Гэсэн ч экспортлохдоо 20 хүрэхгүй мянгаар экспортлоод байдаг. Ямар ч бодлогогүй хэдэн жил тонгочуулсан мөртлөө “Төр махны үнэд нөлөөлөх, үнийг барихгүй” гээд шадар сайд нь гүлдийгээд байдаг. Гүлдийж, гүлдийж үнэнтэйгээ нүүр тулсан тул Н.Учрал амралтын өдөр “Махны үнийг барихаас өөр арга алга” гэж уурлалаа. Иш мухаргүй олон бодлого, 10, 20 мега төсөл, “Хорь тавь” нэртэй уянгалал байдаг ч махны үнээ зохицуулж чадахгүй л улс байж.
Махны үнэ өсөөд байгаа нь зөвхөн нөөцийн махтай холбоотой ч юм биш. Өнгөрсөн хоёр жил дараалсан зуд турхан тохиолдсон нь нөлөөлсөн. Жишээлэхэд 2023-2024 оны зуднаар 14.3 сая толгой мал хорогдсон билээ. Дэлхийн санхүүгийн байгууллагуудын хийсэн дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд ч энэ нь дам байдлаар нөлөөлсөн юм. Харин энэ байдал 2025 оноос эргэн сэргэх хандлага ажиглагдаж байгаа бөгөөд 2025 онд 58.1 сая толгой мал тоологдсон нь өмнөх оныхоосоо 0.8% өссөн үзүүлэлт ажээ. Дээрээс нь ченж нар авч нуугаад үнэ оруулж байгаа нь эрэлтийг нэмэгдүүлж, улмаар махны үнэ системтэй өсөх гол шалтгаан болсон байна. Нэг ёсондоо нийлүүлэлт санаатай, санамсаргүйгээр буурсан нь үнэ өсөхөд нөлөөлсөн гэсэн үг. Үүн дээр энэ жилийн нөөцийн махны будилаан нэмэгдэх нь гарцаагүй. Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Нийслэл 5017 тн мах нөөцөлсөн. Одоогоор 2500 тн мах худалдаанд гараагүй нь И-баримтын системээр тодорхой байна. 2500 тн мах хаана байна, яагаад худалдаанд гаргахгүй байгааг шалгуулна” гэсэн юм.
Аливаа бизнес “win to win” зарчмаар ажиллах ёстой. Харин манайд улаан махны бизнес хоёр талдаа хохирогчтой бизнес загвар болчихсон.
Одоо МАН махны үнэ биш, Хотын даргын оронд хэнийг томилох эсэхийг хэлэлцэж байгаа. Махны үнэ одоохондоо тэдэнд падгүй...

Сэтгэгдэл ( 0 )