Н.Учралын Засгийн газар хөрсөн дээрээ буух болоогүй юу?!

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөгт хүрч, инфляцын түвшин хоёр оронтой тоог даваад, махны үнэ өнгөрсөн жилийнхээс 30 илүү хувиар өсчихлөө. Дээрээс нь Н.Учралын уянга төсөвт шанаа болоод зогсохгүй НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг нэмэгдүүлэхэд улсын төсөв 1.8 их наяд төгрөгөөр тасарна гэдгийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Одоо хөрсөн дээрээ буух болоогүй юу. Мега төслүүд чинь үлгэр боллоо. Хотын төслүүдийг улдан эсэргүүцээд зогсоочихлоо, төрийн залгамж чанар ч гэж бүр алга. Хаана хүрч зогсож байж тасрах уянга юм бэ...

Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал гуравдугаар сард 1.36 их наяд төгрөг байсан бол дөрөвдүгээр сарын гүйцэтгэлээр 1.42 их наяд төгрөгт хүрч өссөн. Уг нь байж болох бүх л хэмжээгээр хэмнэлт хийе гэж Г.Занданшатарын Засгийн газар хэлж ярьж байлаа. Н.Учрал ч Ерөнхий сайд болохдоо хөмсөг зангидаж байгаад “хэмнэлт” гэдэг үгийг удаа дараа давтсан. Гэтэл дарга анги дундраагүйгээр барахгүй ажлын голыг нугалдаг дундаас доогуур албан тушаалтнууд л хэмнэлтийн хурц ирэнд хяргуулж ойчсон нь бодит үнэн. Хяргаад, хяргаад хэмнэлт нь байндаа туссангүй. Тусаагүй тул төсвийн алдагдал нь илтэд өсөөд байна. Ямар сайндаа уянгалсан Н.Учрал өөрийнхөө амаар “Ирэх зургаадугаар сард улсын төсөвт тодотгол хийнэ” гэж мэдэгдэж байх вэ дээ.

Хүнсний бүлгийн үнэ 2025 онд 11.1% өссөн бол 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар 19.3% өсөөд байна.

Инфляц өссөөр хоёр оронтой тоог давчихлаа. Уг нь 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Н.Оюун-Эрдэнийн Засгийн газар ирэх дөрвөн жилд инфляцыг 5%-д барина гэж “бүлт үсэрч” байсан санагдана. Гэвч үүнээс хойш хоёр ч удаа засгаа тонгорсон МАН-ын өнгөн дээр инфляц нь хоёр оронтой тоог давчихлаа. Ирэх намар 15%-д ч хүрч мэднэ. Хэрэв Засгийн газар өнөөдрийнх шиг дүлий дүмбэ оргиод суугаад байвал шүү дээ. Уг нь инфляц өсөөд байгаа нь өнөөдөр л үүссэн асуудал биш юм. Ковид-19 цар тахлын үед оргилдоо хүрч 16% байсан инфляц манай бодлого гэхээс илүүтэй гадна талын нөлөөгөөр буурсаар 2026 оны нэгдүгээр сард 7.5% хүрээд, хоёрдугаар сард 6.5% болж буурч байлаа. Үүнийг Монголбанкныхан мөнгөний бодлого хэрэгжиж байна гэж хэсэг цээжээ дэлдсэн. Гэвч үгүй байж. Яг одоогоор Монгол Улсын инфляц 10.1% байгаа. Энэ бол хоёр жил хагасын дараа үзүүлж буй хамгийн өндөр үзүүлэлт. Ердөө нэг сарын дотор 2.7% өсөж байна аа гэдэг нь өөрөө асуудал. Манай инфляцын гол шалтгаан бол хүнсний бүлгийн үнэ байдаг. Хүнсний бүлгийн үнэ 2025 онд 11.1% өссөн бол 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар 19.3% өсөөд байна.

Дөрөвдүгээр сарын инфляцын гол шалтгаан нь махны үнэ өссөн явдал. Одоогоор махны үнэ 40 гаруй хувиар өсчхөөд байна.

Сарны нөгөө тал гэлээ гэдэг шиг иргэдийн амьжиргаа гэдэг хэрэг алга. Уг нь цаасан дээр их гоё тоо дурайж байгаа. 2025 оны арванхоёрдугаар сарын байдлаар иргэдийн нэрлэсэн дундаж цалин 2.9 сая төгрөгт хүрсэн. Харин голч цалин 2.5 сая төгрөг байгаа. Өрхийн орлого 3 орчим сая төгрөг байна. Гэхдээ бол дунджаар илэрхийлэгдсэн тоон хэмжүүр бөгөөд нийт иргэдийн амьжиргааны түвшнийг илэрхийлэхгүй. Одоогийн байдлаар нийт иргэдийн 42 орчим хувь нь 2.1 сая төгрөг хүртэл, 2.9% нь 1.6 сая төгрөгийн орлоготой амьдарч байгаа тооцоо гарсан. Эдгээр иргэдийн амьжиргааны эх үүсвэр нь тэтгэвэр, тэтгэмж. Тэтгэвэр тэтгэмжийн ихэнх нь суурь хэрэглээнд зориулагддаг учраас юун мах авах болоод явчихна. Энд нэг зүйлийг дурдах нь зүй. Дөрөвдүгээр сарын инфляцын гол шалтгаан нь махны үнэ өссөн явдал. Одоогоор махны үнэ 40 гаруй хувиар өсчхөөд байна.

Бага орлоготой иргэдээ хэрхэн махаар хангах вэ гэдэг дээр төрөөс ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол болохгүй. Цаг үе нь ч тэгж шаардаж байна.

“Засгаас махны үнэ хямдруулж, үнэ барих ямар нэгэн зохицуулалт хийхгүй. Эрэлт нийлүүлэлтийн зарчмаар явна”. Уг нь гоё сонсогдож байгаа биз. Ардчилсан нийгэмд амь зогоож яваа хүний хэлдэг л үг. Гэхдээ байна аа, нэг зүйлийг Эдийн засгийн хөгжлийн яам болон түүнийг толгойлж байгаа сайд ойлгох ёстой юм. Аливаа бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулна гэдэг угаас буруу. Өнөөгийн зах зээлийн тогтолцооны гажуудал үүнээс ч эхтэй. Гэхдээ бид өмнө нь дурдсан бага орлоготой иргэдээ хэрхэн махаар хангах вэ гэдэг дээр төрөөс ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол болохгүй. Цаг үе нь ч тэгж шаардаж байна. Монгол хүн махгүй байж чадахгүй. Бага орлоготой өрхүүд 400 мянга давсан үнээр нэг гулууз хонины мах аваад байж чадахгүй. Нөөцийн махны худалдааг эмзэг, бага орлоготой хэсэгт нийлүүлэх боломжоор хангах ёстой. Хөмсөг зангидаж “ард түмэн” гэж хоолойгоо шахдаг Ерөнхий сайд яг одоо л арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.9.90.101) 55 минутын өмнө

энэ засаг удахгүй. н.учралын гар нь биш ам нь хөдөлж хоосон худлаа ярьж бодит байдал дээр юу ч шийдэж чадахгүй байна шүү дээ\n

0  |  0
иргэн(103.9.90.101) 55 минутын өмнө

энэ засаг удахгүй. н.учралын гар нь биш ам нь хөдөлж хоосон худлаа ярьж бодит байдал дээр юу ч шийдэж чадахгүй байна шүү дээ\n

0  |  0
5577(202.9.46.138) 3 цагийн өмнө

Энэ удахгүй унах засаг байноо цаг нөхцөөж пиар л хийх юм

0  |  0
5577(202.9.46.138) 3 цагийн өмнө

Энэ удахгүй унах засаг байноо цаг нөхцөөж пиар л хийх юм

0  |  0
zzzzz(103.229.123.32) 3 цагийн өмнө

ene nukhur uyangalj ulsyn erunkhii said khiikh khun bishee, joldoj baina

0  |  0
Top