Н.Учралыг УГТАХ үг

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Н.Учрал ингэж нэг юм байрандаа очлоо. Намын зодоон нь жил дамнан сунжраад, нөгөө нам нь хатгаж байж ийнхүү Ерөнхий сайд боллоо. Ерөнхийлж тодрох нь тодорхой байсан ч цаг нь болоогүй гэж өөрөө бодсон байж болох Нам нь дотооддоо толхилцоотой, гадаа геополитик хурцадмал галтай энэ үед гүйцэтгэх засгаас халгаад байсан ч байх. Гэвч УИХ-ын дарга байхдаа гүйцэтгэх засгийн тэргүүний ааш аяг, авир янз гаргаад байсан болохоор яг байрандаа очсон нь яг цагаа олсон үйлдэл ч юм шиг. Цагийн янз ямар байхаас үл хамаараад Н.Учралд дайх хэдэн зүйл байна.

Бондууд “bye” боллоо

Нэн тэргүүнд бондуудын ханш унаж байгааг анзаарах ёстой. Ялангуяа Засгийн газар солигдож байгаа тухай мэдээлэл гарснаас хойш манай бондууд унаж эхэллээ. Ираны дайн дэгдсэнээс хойш 2 орчим хувь унаад байсан манай бондын ханш өнгөрсөн долоо хоногт эргэн сэргэх төлөв ажиглагдсан. Гэвч засаг солигдохтой зэрэгцэн бага зэрэг унаж эхэллээ. өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагаас хойш  эргэн сэргэх төлөв ажиглагдаад байв. Геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан хөгжиж буй орнуудын гадаад бондууд савлагаатай байхыг гаднын шинжээчид анхааруулсан. Хэрэв дотооддоо донсолгоо, савлагаа ихтэй байвал манайд л халгаатай. Ер нь Ерөнхий сайд хэн байхаас үл хамаараад гаднынхан тоглоомын дүрэм тодорхой байхыг л хүснэ. Г.Занданшатар буухаасаа өмнө шинэ бонд гаргах замаар өрийг дахин санхүүжүүлсэн. Хэрэв ханш нь унаад эхэлбэл юун дахин санхүүжүүлэх, өр дээр өр л нэмнэ гэсэн үг.

Засаг солигдохтой зэрэгцээд Засгийн газрын гадаад бондуудын ханш унаж эхэлсэн...

Дайны золиос

Дайн дажингүй энх цагт ч нэмэгдчих гээд байдаг гэмтэй шатахууны үнэ огцом нэмэгдэх хандлагатай боллоо. Оросуудаас дэндүү хамааралтай энэ салбарт дотоодын импортлогчид мань хэдийгээ үнээр айлгасаар өнөөг хүрсэн. Одоо харин манай хэдээс биш дэлхий дахины нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнэ өснө. Өсөхдөө өнөө маргаашгүй өснө. Хэдийгээр ердийн хэрэглээний “АИ-92”-оос бусдынх нь үнэ өснө гэж байгаа ч уул уурхайн салбар дизелийн түлшнээс дэндүү хамааралтай тул өнөө өсөөд байсан нүүрсний экспортод нөлөөлж, үнийн хэлбэлзэл үүсэж мэднэ. Гагц иймээс нэн даруй хэлэлцээ хийж шатахууны үнийн өсөлт дээр анхаарах ёстой. Зах зээлийн багтаамж биднээс хэд дахин илүү Венесуэлд шатахууны хомстол үүссэн. Индонези онц байдал зарласан. Япон, Өмнөд Солонгос нэн даруй арга хэмжээ авах шуурхай штаб байгуулсан. Пакистан улс долоо хоногийн дөрвөн өдөр ажиллах, зүүн өмнөх азийн ихэнх орнууд бензин хэмнэх анхааруулгыг өгсөөр байна. Бид хөршийнхөө бөөрөнд наалдсан газар зүйн байрлалтайн хэрэг юу билээ, хэлэлцээ ийж дайны байдлаас яаж бүтэн гарах вэ гэдгээ харах ёстой.

Дайн дажингүй энх цагт манай хэдэн шатахуун импортлогчид үнээ нэмнэ гэж айлгадаг байв. Одоо харин манайхаас шалтгаалахгүйгээр нэмэгдэх нь гарцаагүй боллоо.

Намын баланс

Одоо намын балансаа хадгалах нь намын даргын хувьд хийх ёстой нэн тэргүүний ажил болоод байна. Гүйцэтгэх засгаа балбаад байдаггүй даруухан, өөрийнхөндөө ч, өрөөлд ч балбуулаад, хатгуулаад байдаггүй спикертэй болох шаардлагатай. “Навч унахад намар зүгээр шалтаг” байсан гэдэг шиг Ардчилсан намын акц бол шалтаг л байсан. Намрын улс төрийн зодооныг даргагүй байсан гэж зөвтгөж болох ч он гарснаас хойш өрнөсөн намын далд зодоон бол чухам түүнээс шалтгаантай. Намынхан нь байсгээд л телевиз гэх “авралын сүм” дээр очиж нүглээ наманчлах болсон нь намын зохион байгуулалт муутайнх. Хэвлэлээр одоо сайдуудын нэрсийн төрө бүрийн жагсаалт цувж байна. Зарим нь “би бол очихгүй” гэж гөрдөж байхад бүр зарим нь “санал тавивал ярьж байж шийднэ” гээд гүлдийж байна. Бүр зарим нь “улсаа бодъё, суудалтайгаа үлдэе” ч гэж цайрч байна. Зарим нь бүр шийдээд “чухам ямар чиг үүрэгтэй байх нь вэ, судлая” ч гэж томорч байгаа. Чухам иймээс фракцуудынхаа хөлд гишгүүлчихгүйхэн шиг тэнцвэрээ хадгалах нь чухал.

“Навч унахад намар зүгээр шалтаг” байсан гэдэг шиг Ардчилсан намын акц бол шалтаг л байсан. Шалтгаан нь МАН-даа байсан юм.

***  

“Эрх чөлөөний дөрвөн зам-Дөрвөн чөлөөлөлт” гэж их хурал дээрээ хэлж байснаа яг хэлнэ лээ. Төр гай болохгүй зай болно, ажлыг хурдтай хийнэ, хойд хөрштэйгөө ойлголцоно, бодит хөрсөн дээрээ бууна гэсэн романтик зүйл их ярьсан. Гоё ярих гоё бас амархан. Гэхдээ дотор хүйтэн, гадаа ч бас хүйтэн байна. Намын хурал дээрээ 90-ээс дээш хувиар яралзтал гараа өргөж дэмжчихээд, эрх мэдлийн төлөө суналзтал дэгээ тавиад унагадгийг 9 сарын улс төрийн үйл явц харуулсан. Дэгээдүүлж унахгүй, дайны хөлд сүйдчихгүй байх түүний зовлон ийнхүү эхэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top