ШИНЭ засгийн ХУУЧИН зовлон

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Н.Учралыг Ерөнхий сайдад дэвшүүллээ. Ердөө дөрвөн сарын дотор гурван өндөрлөгийн хоёрынх нь албыг хаших “ерөөл” чухам түүнд тохиожээ. Тэр хувь хүний заяа, ерөөл ч яахав. Ардын намынхны дарга ангид хуримтлагдаад байсан эрх мэдлийн их хүсэл л тэсэрч гарч ирээд, түүнийг нь Ардчилсан нам өрдөөд Н.Учрал крандуулаад байгаа юм. Н.Учралын хувийн карьер нь өсөж байгаа ч намд нь байсан хуучин зовлон аних яагаа ч үгүй байна. Тэр нь Бага хурлынх нь өмнө харагдчихсан.

Ардын намын бага хурал өчигдөр хуралдаад Н.Учралыг 99.7% саналаар Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүллээ. Хувь заяаны учрал ерөөлөөр Умард Солонгосын удирдаг Ким Жон Ун ч Хөдөлмөрчдийн намын даргад 99.7% саналаар дэмжигдэж байлаа. Тэр ч яахав. Одоо засаг бүрдүүлэх гэж баахан юм болно. М.Энхболд засаг дэнжгэнэж байхад харагдсан нь фракцынхаа хэдийг сайдад зүтгүүлэх гэсэн санаа байж мэднэ. Н.Энхбаяр ч хэвлэлд ярилцлага өгсөн нь МАХН-ын хэдийг сайдтай биш юм аа гэхэд яамны аппаратад багтаагаач ээ л гэсэн санаа. Ц.Нямдорж намынхнаа илт шүүмжилсэн өнгө аястай мэдэгдэл гэрэл цохиж байгаа нь намын аппаратыг шинэчил гэсэн далд санаа байж мэднэ. Нөгөөтээгүүр гомдогсдын арми бий. Тэднийг зүгээр орхиж хэрхэвч болохгүй. Гомдогсдын армитай эв зүйгээ олохоос чухам түүний засгийн нас хэмжигдэнэ. Дээрээс нь сөрөг хүчнийхэнтэй хэрхэн арга эвээ олох вэ гэдэг айхтар нарийн асуудал байна.

Ерөнхий сайд шинэ нэртэй, хуучин хүн л боллоо. Гэхдээ зовлон гэдэг нимгэрсэнгүй...

Их хурлын индэр дээрээс гүйцэтгэх засаглалын хэлдэг үг өгүүлбэрийг хэлж байсан түүнд одоо эрх мэдлээ бодитой хэрэгжүүлэх боломж олдлоо. Гэхдээ фракцуудынхаа арга эвийг хангах нь эрх мэдлээ хэрэгжүүлэхээс өмнөх асуудал. Гадаад нөхцөл байдал ч, дотоодын толхилцоон ч засгийн газрын цомхон байлга гэдэг сануулга өгч буй. МАН-ын фракцуудын тэмцэл гэхдээ данхар төрийг цомхон болгочихно гэдэг юу л бол. Дэд сайд гэдэг асуудал Г.Занданшатар ч бодчихсон юм биш. Фракцуудынхаа эв нэгдлийг хангах үүднээс аандаа гарч ирсэн “шагнал” юм шүү дээ. Дээрээс нь засагтаа хэнийг багтаах вэ гэдэг том асуулт байна. Ардчилсан нам ч яахав гэдийчихсэн. Улс төрийн соёлын хувьд юутай ч урих байх. Н.Учралын хувьд ХҮН-тэй, ногоон намтай, Үндэсний эвсэлтэй ч хамтарч мэднэ. Тэгэхээр Н.Номтойбаяр баараггүй нэг сайд болж болох юм. Бага хурал дээрээ Г.Занданшатарыг танхимдаа урина лээ. Гэвч урьсан субъект зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй. Г.Занданшатар өөрийг нь огцруулах чуулган дээр “Би Ерөнхий сайдын суудлаас татгалзаж байна” гэж хэлсэн. Үүнээс харахад ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшинэ гэдгээ илэрхийлсэн ч байж мэднэ. Өөрийг нь огцруулах чуулган дээр намын нөхөд нь түүхэнд байгаагүй сайн Ерөнхий сайд байсан гэж ирээд магтаж буйг нь харвал Ерөнхийлөгчид 99.9% дэмжлэгтэйгээр нэр дэвшиж болохыг Бага хурлаас нь олж харлаа.

Н.Учрал хувь заяаны учрал ерөөлөөр Умардын удирдагч Ким Жон Ун шиг л 99.7% саналаар Ерөнхий сайдад дэмжигдсэн!

Улс төрийн хувьд зовлон хуучраагүй юм байж. Геополитикийн нөхцөл байдал ч сайжирсангүй. Орос-Украины айн шинэ шатанд гарч, Украинчууд газрын тосны агуулахууд руу нь идэвхтэй халдаж эхэллээ. Дээрээс нь АНУ-ын өдөөсөн Ираны дайн мөддөө дуусах янз алга. Үр дүнд нь шатахууны үнэ дэлхий даяар нэмэгдсэн хэвээр байна. ОУВС зэрэг дэлхийн санхүүгийн томоохон байгууллагууд шатахууны үнээс шалтгаалсан инфляц дэлхийг нөмөрнө гэж анхааруулаад хөгжиж буй орнуудыг бодлогын шинэчлэл хийхийг уриалсан. Геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж түүхий эд болон хөрөнгийн зах зээл ихээхэн хэлбэлзэлтэй байна. Үүнийг манай улсын Засгийн газрын бондуудын ханш унаж байгаагаас бэлхнээ харж болно.

Ямартаа ч гаднах орчин хурцадсан нь МАН-ын мөрийн хөтөлбөр биелэхгүй нөхцөлд ч хүргэж болно. Тэд ирэх дөрвөн жилд инфляцыг 5%-д барина гэж амлаж байлаа. Тэр нь ч худлаа боллоо. Яахав сонгуулийн өмнөхөн төдөн хувиар биелсэн гэж тоогоор хуурч болох л доо. Гэвч амьдрал дээр ард иргэд босож тэмцдэггүй юм аа гэхэд сонгуулиар дүн тавьдаг гэдгийг манай өмнөх түүх харуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top