“Ард түмнээсээ төсөв харамлахгүй”. Ерөнхий сайдын үг. Ялтын бага хурлыг бэлгэдсэн хөшөөг хувийн сургуулийнхаа урд босгосон шиг аль нэг сургуулийнх нь урд хөшөө босгож залмаар үг. Тийм ээ, тэр төсвийг түмнээсээ харамладаггүй шигээ өөрөөсөө ч бас харамладаггүй. Үүнийг сөрөг хүчний хэвлэлийн албаны дарга нь “шүгэл үлээж” хэлсэн. Түүний хэлснээр8.3 тэрбум төгрөгийг Н.Учрал өөрийн хамаарал бүхий этгээдийн сургуулиар дамжуулан авсан байна. Хувьсах зардал нэрээр анхны зориулалт нь хувьсалд орсон энэ мөнгөн дүн нээрээ л үнэн байна.
Мөнгө, мөнгө
Шилэн дансны нээлттэй мэдээллээс харвал Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий этгээд тэр тусмаа ээж, аавынх нь хамаарал бүхий сургуулиуд хувьсах зардал нэрээр хэдэн тэрбумаар тоологдох мөнгийг өөрсдийн мэдэлд авчээ. Тухайлбал,
МСҮТ-ийн тухайд 2017-2021 оны хоронд л гэхэд 1.06 тэрбум төгрөгийг хувьсах зардал нэрээр авсан байна. Тайлант хугацаанаас харвал Ардын нам засаг атгаж байсан үе. Хувь хүнийх нь “бахдам намтар”-г нь харвал зовлонгийн өнгөнөөс заяаны ахаа харж байсантай цаг хугацаа нь яв цав таарна.
Өөрийн шүгэл
Намрын чуулган эхлэхээс зүг өмнө хувийн сургуулиудын хувьсах зардлаар “шүгэл үлээсэн”. Гэхдээ өөрийнх нь намаас шүгэл үлээсэн. “Эрдэм нова” гэдэг сургуульд 5 тэрбумыг олгох гэж байна гэж УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал мэдэгдээд араас нь УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Ерөнхий сайддаа ч асуудал биш. “Эрдэм нова” гэх хятад бичигтэй сургуультай л асуудал ярина” гэж томорч байлаа. Ингээд бүх зүйл өндрөө авсан. “Их засаг кинг” сургуульд “гэрт ойр сургууль” хөтөлбөрийн хүрээнд 3.5 тэрбум төгрөгийг хувьсах зардал хэлбэрээр олгох гэж байгаа нь ил болсон. Ил болсон ч гэж өөрийнх нь намын гишүүн О.Саранчулуун "Гэрт ойр сургууль хөтөлбөрийн мэдээллийг Өргөдлийн байнгын хорооны гишүүд авсан. Их засаг кинг сургуульд 3.5 тэрбум, Эрдэм нова сургуульд 3.6 тэрбум төгрөгийг тусгаж оруулж ирсэн. Зургаан сургууль сонгосны хоёр нь энэ сургууль" гэж байв.
Товчхондоо шүглийг "30-ынхан" үлээсэн юм. Цочихдоо Ерөнхий сайд нь АТГ дээр очоод, Боловсролын сайд нь "батлагдаагүй эксель" гэж "сүрийг үзүүлж" байв. Гэхдээ сүлд нь байгаагүй юм.
Өрөөлийн шүгэл
Зүгээр л эксель гэж байсан тэр баримт нь Засгийн газрын өсгийнд шигдсэн өргөс лугаа адил болоод байхад өрөөлийн намаас шүгэл үлээсэн. Үлээсэн ч гэж үлээлгэсэн. Ардчилсан намын Олон нийттэй харилцах нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “Л.Энх-Амгалангийн өгсөн шипигээр” үлээсэн. Түүний хэлснээр нийт мөнгөн дүн нь 8.3 тэрбум төгрөг. Уг нь энэ шүгэлийг бариад улс төрийн акцаа хэвлэлээр биш өөрийнхөө намаар хийсэн бол үр дүнд хүрэх ч байсан байж мэднэ. Ямар ч байсан Ардчилсан намын шүгэл байндаа туслаа.
Шүгэл байндаа туссаныг Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн “Арай үгүй байлгүй дээ” гэж уулга алдсанаас харж болно. Эрх мэдэл, сандал суудлын хэрүүл дунд төөрсөн байж гэж зөвтгөж харж болох ч төсвийн ерөнхийлөн захирагчийн хувиар энэ мэдээллүүдтэй танилцсан байх учиртай.
Бүлэглэл хоорондын эв түнжинг хангаж чадсан бол анхнаасаа тэр эксель файлыг хэн ч тоохгүй байсан. Гэвч тэгсэнгүй.
Хоосон парламент
Одоо нэг зүйл хараарай. Ардчилсан нам улс төрөө хийгээд суугаагүй. Тэр ч яахав ойлгомжтой. Анх эксель файл барьж аваад “шүгэл үлээсэн” Х.Баасанжаргал, О.Саранчулуун, А.Ариунзаяа нар хуралдаа суухгүй байгаа. Б.Баярбаатар ч хуралдаа суусангүй. Өөрийнхөө талыг алдахгүй гэсэндээ илт фракцын шийдвэрээр суухгүй атлаа “Л.Энх-Амгалан сайдыг уучлал гуйтал бидний хэдэн гишүүн хуралд суухгүй” гэж хэлээд амжив. Хагарал нь хагацал руу дөхсөн гэдгийг улстөрчдийн дээрх мэдэгдлээс харж болно. Ямарсайндаа УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ж.Батжаргал “30-38 гэж та нар битгий сэдрээ” гэж байхав. Намын дарга бөгөөд гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд байдал бишдээд ирлээ. Өөрт нь ч асуудал байна. Өврөөс хатгадаг өөрийнхөнд нь ч асуудал байна. Асуудал нь институцийн хямралд хөтлөөд байдаг...?!

Сэтгэгдэл ( 0 )