СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Шинэ оны босгон дээр Монгол Улсын Агаарын тээврийн салбарт хэд хэдэн онцлох үйл явдал тохиолоо. Тухайлбал Монгол Улсын Засгийн газар 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 120 дугаар тогтоолыг баталсан. Мөн Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн А/677 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орон нутгийн Засаг дарга нартай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сэлэнгэ аймаг руу туршилтын шууд нислэг үйлдлээ.
Өнгөрөгч оны 11 дүгээр сард Иргэний нисэхийн ерөнхий газрын мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгсөн бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан тохиролцсоны дагуу ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн ЗДТГ-ын захиалгаар Геосан ХХК-ийн “JU-9993” бүртгэлийн дугаартай агаарын хөлгийн нисгэх баг техникийн нислэгийг амжилттай гүйцэтгэв.
Цаашид, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай байгуулсан “Хамтын ажиллагаа”-ны гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аэродромын дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлэх бөгөөд ингэснээр алслагдсан аймаг, сумдад зорчигч, ачаа, шуудан тээвэр, эрэн хайх авран туслах үйл ажиллагаа, ойн хортон шавьжтай тэмцэх, байгаль орчин хамгаалал, хилийн эргүүлийн нислэг үйлдэхээс гадна хилийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
ТУРКИШ ЭЙРЛАЙНС КОМПАНИ УЛААНБААТАР-ИСТАНБУЛ-УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЛЭВ
Бүгд Найрамдах Турк Улсын үндэсний агаарын тээвэрлэгч Туркиш Эйрлайнс авиа компани Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгээ эхлүүлж, тус чиглэлийн анхны нислэг энэ оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Чингис хаан Олон улсын нисэх буудалд газардлаа.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу 2012 оны 7 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Истанбул-Улаанбаатарын хооронд Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотоор дамжин нисдэг байсан. Харин өнгөрөгч оны 10 дугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах Санамж бичгийг байгуулснаар шууд нислэг үйлдэх боломжтой болсон юм.
Ийнхүү өргөн биетэй онгоцоор дундаа зогсолтгүй, шууд нислэг үйлдэх болсноор суудлын тоо нэмэгдэж, аяллын хугацаа 3 цагаар богиносон, зорчигчид илүү тав тухтай аялах боломж бүрдээд зогсохгүй харилцан зорчих жуулчдын тоо нэмэгдэж, улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм. Түүнчлэн дотоодын агаарын тээвэрлэгч Изинис Эйрвэйз компани БНТУ-руу шууд нислэг үйлдэх томилгоогоо аваад байна.
МИАТ ТӨХК НИСЛЭГИЙН ТИЙЗИЙН ҮНИЙГ ШАТ ДАРААТАЙ БУУРУУЛЖ БАЙНА
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өнөөдрийн байдлаар Боинг 767, Боинг 737 маягийн агаарын хөлгөөр олон улсын 12, орон нутгийн 1 чиглэлд нислэг үйлдэж байна. Өнгөрсөн онд манай улсын агаарын тээврийн зах зээлд олон улсын чиглэлд 1 сая орчим зорчигч дотоодын чиглэлд 400 мянга орчим зорчигч зорчиж, үүнээс МИАТ ТӨХК 700 гаруй мянган зорчигч тээвэрлэжээ.
Монголын агаарын тээврийн зах зээлийн эрэлт хэт улирлын шинж чанартай байдаг ба зуны улиралд эрэлт ихтэй байдаг бол өвлийн саруудад эрэлт 2-3 дахин буурдаг. Тиймээс энэхүү эрэлтэд нийцүүлэн үндсэн тарифыг 7 хувиар, улирлын чанартай нислэгийн тарифыг 37 хувиар бууруулсан бөгөөд нислэгийн тийзний үнэ тарифыг цаашид ч бууруулахаар шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Одоогоор Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Пусан-Улаанбаатарын чиглэлд МИАТ ТӨХК, Сөүл-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд БНСУ-ын Корэйн Эйр, Ашиана Эйрлайнс зэрэг компаниуд мөн Пусан-Улаанбаатар-Пусаны чиглэлд Эйр Пусан компани шууд нислэг үйлдэж байна. Түүнчлэн дотоодын агаарын тээвэрлэгч Изинис Эйрвэйс компани ирэх 3 дугаар сараас Улаанбаатар-Пусан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Ийнхүү агаарын тээвэрлэгч компаниуд болон агаарын тээврийн гарц, олон улсын нислэгийн суудлын тоо нэмэгдсэнээр өрсөлдөөн бий болж, үнэ тариф буурч, манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэх боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )