Өнгөрсөн жилүүдэд олон улсын чанартай авто замын сүлжээний уртыг 14 мянга 921 км болгож нэмэгдүүлжээ. Мөн олон улсын АН-4 чиглэлийн 742 км хатуу хучилттай авто замыг шинээр барьж, ашиглалт оруулсан байна.
Үүнээс гадна Завхан аймгийн Загастайн давааны замыг ашиглалтад оруулснаар манай улсын 21 аймгийн төв Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогджээ. Монгол Улсын 21 аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсоноор Мянганы замын төслийг бүрэн хэрэгжсэн гэж Засгийн газар дүгнэсэн байна.
Одоо аймгийн төвүүдийг хооронд нь, аймгийн төвийг хилийн боомттой, сумдыг хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох дараагийн том зорилтыг Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн таван тойрог төслийн хүрээнд эхлүүлэх гэж байна. Тухайлбал, Улиастай-Алтай чиглэлийн 198 км, Улаангом-Ховд чиглэлийн 163 км авто замын барилгын ажил 2024 онд эхэлнэ.
Одоогийн байдлаар манай улсын 330 сумын 107 нь нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон. Энэ онд 40 сумыг хатуу хучилттай авто замаар холбох бэлтгэлээ базааж байна.
Мөн 2024 онд Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто замын засвар арчлалт, 8 гүүрэнд их засвар хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, энэ жил Өвөрхангай, Баянхонгор чиглэлийн авто замд хэсэгчлэн засвар хийнэ. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн, Дорнод аймгийн 50 км замд их засвар хийх аж.
Сэтгэгдэл ( 1 )
Энд тэнд зэрэг зэрэг эхэлж хүч тарамдуулж байснаас нэг замаа олон хэсэгт хуваагаад 1 жилдээ багтаагаад дуусгадаг бол ч мөн сайхан байна.