Баян-Өлгий аймгийн Сагсай сумын VI багийн нутагт орших Даян нуурт “Стивр” загварын ачааны автомашин өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр осолдож, тус автомашины жолооч А амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн цогцсыг тухайн үед нуураас гаргаж, харин автомашиныг татаж гаргах ажлыг цаг агаарын байдалтай холбоотойгоор хойшлуулаад байсан юм.
Тэгвэл өчигдөр /2020.01.05/ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд нийлсэн нийт 38 хүн, найман автомашинтайгаар ослын газар ажиллаж, нуурын усанд 3 метрийн гүнд дөрвөн удаа шумбалт хийжээ. Осолдсон автомашиныг “Зил-130” загварын ачааны гурван автомашинаар татаж, автомашины хойд талыг нуурын уснаас 50 см гаргаж, 5 тонн тоосгоос нэг тонн тоосгыг буулгасан байна.
Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул өчигдөр 20:10 цагт түр зогсоож, өнөөдөр 08:00 цагт автомашиныг татаж гаргах ажиллагааг дахин эхлүүлжээ. Живсэн автомашин нь нуурын эргээс 500 метр орчим зайтай байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )