Автомашинд ачиж явсан 5 тонн тоосгыг Даян нуураас гаргажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 07

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын VI багийн нутагт орших Даян нуурт их хэмжээний тоосго ачиж явсан “Стивр” загварын ачааны автомашин өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр осолдож, тус автомашины жолооч А амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн цогцсыг тухайн үед нуураас гаргаж, харин автомашиныг татаж гаргах ажлыг цаг агаарын байдалтай холбоотойгоор хойшлуулаад байсан юм.

Тэгвэл уржигдар /2020.01.05/ өдрөөс хойш аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд нийлсэн нийт 38 хүн, найман автомашинтайгаар ослын газар ажиллаж байна. Автомашинд ачиж явсан таван тонн тоосгоноос уржигдар нэг тонныг нь гаргаад байсан бол өчигдөр үлдсэн дөрвөн тонныг нь нуурын эрэг дээр гаргажээ.

Онцгойн алба хаагчид автомашиныг нуурын эрэг рүү татсан боловч арал нь тасарч, автомашины ачааны тэвшийг хойд тэнхлэгийн хамт эрэг дээр татан гаргасан байна. Өнөөдөр бүхээг болон урд тэнхлэгийг татан гаргаж, нууранд живсэн автомашиныг гаргах ажил бүрэн дуусна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top