Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг товч танилцуулж, зарим үүрэг даалгаврыг өглөө. Энэ үеэр аймгуудын Засаг дарга нар орон нутгийнхаа байдлыг танилцуулсан юм.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан: Аймгийн татварын орлого 1.5 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Аймгийн нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн. Аймгийн хүн ам, мал сүрэг өссөн. Баян-Өлгий аймгийн эдийн засгийн бүх үзүүлэлт сайн байгаа. Үндсэндээ Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 95 хувиар биелсэн гэж дүгнэж байгаа. Мэдээж аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлууд бий. Тэр бүхнийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж бид өнгөрсөн хугацаанд нүдэнд харагдахаар томоохон ажил хийнэ гэж төлөвлөсөн. Энэ дагуу аймагтаа нэгдсэн эмнэлэг болон 50 ортой хүүхдийн эмнэлгийг барьж байна. Төрийн үйлчилгээний цогцолборыг барьж байна. Одоогоор 16 цэцэрлэг, сургууль, зургаан дотуур байр, гурван суманд Соёлын төв баригсан. 80 жилийн түүхтэй Өлгий хот 40 км засмал замтай. Үүний 16 км замыг сүүлийн хоёр жилд барьсан. Ингэж аймгийн төвийн авто замын асуудлыг шийдэж чадсан. Мөн явган замын 22 км гэрэлтүүлгийг шинээр тавьсан. Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг шийдэхийн зэрэгцээ хүнсний асуудалд онцгой анхаарч ажиллаж байна. Баян-Өлгий аймаг хүнсний ногооны хэрэгцээнийхээ 40 хувийг хангадаг байсан бол өнөөдөр 80 хувийг өөрсдөө тариалдаг болсон. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн хувьд өвөлжилт хэвийн байна. Сар гаруйн нүүрсний нөөцтэй байна.
Сэтгэгдэл ( 1 )
hoshnogo