Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхий сайд болон 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүллээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АТГ-аас 2019 онд аймаг, нийслэл, яам, агентлаг, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид шалгалт явуулж, аргазүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулсан байна. Энэ үеэр төрийн байгууллагуудад авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах, дотоод хяналт, санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааг нээлттэй болгох зэрэг ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тогтоосон байсан.
Тиймээс АТГ-аас зөвлөмж гаргаж хүргүүлжээ. Зөвлөмжид, Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, цахим хэлбэрт шилжүүлэх, Орон нутгийн хөгжлийн сангийн ил тод байдлыг хангах, Сум хөгжүүлэх санд тавих олон нийтийн хяналтыг бий болгох, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шийдвэрлэхэд эцсийн өмчлөгчийг бүрэн тодорхойлох, эцсийн өмчлөгчийг бүртгэхдээ татвар болон бүртгэлийн байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах зэргийг тусгажээ. Мөн иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх оновчтой зохицуулалтыг бий болгох, өөрийн чиг үүрэгт хамаарах өргөдөл, гомдлыг бусад руу шилжүүлэхгүйгээр шийдвэрлэж эцсийн хариуг өгдөг байх, төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, орон нутгийн өмч, хөрөнгө, төсөв, мөнгө, хүн хүчийг улс төрийн үйл ажиллагаа болон сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй байх асуудлыг тусгасан байна.
Сэтгэгдэл ( 0 )