Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс уриалга гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь жилд улсын хэмжээнд давж заалдах шатны шүүхээр хянагдаж байгаа нийт иргэний хэргийн 70 орчим хувийг хянан шийдвэрлэдэг бөгөөд ажлын ачаалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа зэргээс шалтгаалан 7 хоногийн даваа, лхагва, баасан гарагуудад өдөрт 15-40 гаруй шүүх хуралдааныг хуралдуулах шаардлагатай байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165.1 “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй”, 76.2. “Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ”, 165.2 “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй”, 166.4 “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасан хуулийн заалтууд шүүх хуралдааныг явуулах журамд хамаардаг.

Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчид нь шүүх хуралдаанд заавал биечлэн оролцох үүрэг хүлээгээгүй болно. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт бичгээр гаргаагүй тохиолдолд хэргийн оролцогчийн эзгүйд хэрэгт байгаа баримт, бичгээр гаргасан гомдол, тайлбарт үндэслэн шийдвэрлэх боломжийг хуулиар олгосон юм.


Коронавируст халдвар (CОVID-19) нь агаар дуслын болон бохир гар, эд зүйлсээр дамжих замаар халдварлаж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон. Уг халдварын тохиолдол Монгол Улсад эхний шинжилгээгээр илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудаас “...ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх, олон хүн цугларсан газраар явахгүй байх, бөөгнөрөл үүсгэхгүй байх” талаар зөвлөмж гаргасан.
Иймд энэхүү зөвлөмжийг мөрдөж, болзошгүй эрсдлээс өөрийгөө болон гэр бүл, хамтран ажиллагсадаа хамгаалахад анхаарч шүүн таслах үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэхийг хэргийн оролцогч, өмгөөлөгч нарт хандан уриалж байна. Тус шүүхээс 2020 оны 3 дугаар сарын 11, 13-ны өдрүүдэд зарлагдсан шүүх хуралдаануудыг хойшлуулах арга хэмжээ авсан болно.
Давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, хэрэг, гомдол хуваарилалт, шүүх хуралдааны зар, шийдвэрлэгдсэн хэргийн тойм мэдээллийг тус шүүхийн мэдээлэл лавлагааны 7000-7277 дугаарын утсаар болон http://citycourtofcivilappeals.mn/ вэб хуудсаар авна уу хэмээн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс мэдээллээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top