Зорчигч тээврийн “Airbus” онгоцыг ачаа тээвэрлэхэд зориулж өөрчилнө

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

Европын “Airbus” агаарын тээврийн корпорац “А330”, “А350” загварын онгоцнуудаа ачаа тээвэрлэхэд тохиромжтой болгож өөрчилж байна.

Ингэхдээ онгоцны энгийн ангиллын суудлуудыг авч, ачаа тавих зориулалттай тавиуруудыг суурилуулж байгаа аж. Ингэснээр агаарын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, коронавирусний цар тахлын улмаас холын замын агаарын тээврийг түр зогсоосноос үүдэлтэй дэлхий даяар нэмэгдэж буй ачаа тээврийн эрэлтийг хангах боломжтой гэж тус корпорац үзэж байна.

Түүнчлэн, их хэмжээний эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг ачаа тээврийг шуурхай хүргэх холын зайн хүмүүнлэгийн нислэгийн эрэлтийг мөн хангах боломжтой. “Airbus” компанийн энэ шийдэл ачаа ачих, буулгах ажлыг хөнгөвчлөхөөс гадна суудлыг элэгдэж, эвдрэхээс сэргийлэх юм.

“Airbus” тус корпорацын дээрх загварыг онгоцнуудыг ашигладаг агаарын тээврийн компаниудад энэхүү үйлчилгээг санал болгож байгаа бөгөөд Европын Холбооны нислэгийн аюулгүй байдлын агентлагийн сертификат дагалдах аж. Энэ үйлчилгээнд зорчигчдын суудлыг авах, ачааны тавиур суурилуулах, аюулгүй байдлын тоног төхөөрөмжөөр хангах болон суудлуудыг буцааж суурилуулах зэрэг үйлчилгээ орж байна. Энэ үйлчилгээ КОВИД-19 цар тахал дууссаны дараа ч хүчин төгөлдөр үйлчлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top