Осолдсон дөрвөн хүүхдийн хоёр нь НЭГ АЙЛЫН ХҮҮХДҮҮД байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 28

Өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд дөрвөн хүүхэд эндэж, харамсалтайгаар амь эрсэдсэн тухай өмнө нь бид мэдээлсэн.

Амь эрсэдсэн хүүхдүүдийн хоёр нь нэг айлын хүүхэд байсан бөгөөд дүүгээ живж байхыг хараад аврахаар ороод ийнхүү харамсалтайгаар нас барсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэллээ.

Хүүхдүүд тогтоол усан дээр хөөсөнцөр тавин тоглож байсан ба даац хэтэрсний улмаас живж, осолдсон байна. Албаныхан тогтоол усанд гүний хэмжилт хийж, хэргийн газраас эд мөрийн баримтаар хөөсөнцөр хураан авч, 101 кадр зураг аван хэрэгт хавсарган шалгаж эхэлжээ.

Осол болсон газар нь "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-т харьяалагддаг ба Улаанбаатар хотын дарга тавдугаар сарын 10-нд очиж ажиллан, ажлын хэсэг томилж, шалгалт явуулж байжээ. Хотын даргын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр анх энэ хэсэгт цөөн объект барих зөвшөөрөл авсан “Хан талcт” ХХК дур мэдэн газар ухсаныг ажлын хэсэг томилж шалгуулсан ба тавдугаар сарын 20-нд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр шалгалтын дүнг танилцуулжээ. Ажлын хэсгийн дарга тус компани Газар, ой, усны тухай зэрэг олон хууль зөрчсөн тул хариуцлага тооцох, мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуулыг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах асуудлыг хөндөж байсан гэж нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Г.Эрдэнэчулуун “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг 2014 онд хотын дарга Э.Бат-Үүл өгч байсан. “Хан-Талст” ХХК нь хүрээлэнд 3.3 га газар эзэмшдэг бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас явуулсан шалгалтын дүнд тус компанийн газар ашиглах зөвшөөрөл нь хэд хэдэн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон. Ингээд 84 хуудас бүхий албан шаардлагыг хүргүүлж, нийслэлээс удаа дараа мэдэгдэл өгсөн. Гэвч тус компани хууль зөрчин ажиллаж байсан” гэсэн юм.

Ийнхүү хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан “Хан-Талст” ХХК нь Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга асан И.Нарантуяагийн эзэмшлийнх бөгөөд тэрбээр төрийн албанд байхдаа Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан байна. Албаныхан одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Хүүхдүүдийн амь нас хохирсон хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ба улсын хууль тогтоомж зөрчсөн асуудлаар мэргэжлийн хяналтаас шалгалт оруулаад байгаа ажээ.

Түүнчлэн энэхүү хэрэгтэй холбоотойгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ОНӨТҮГ-ын захирал С.Эрдэнэтуулыг өнөөдөр /2020.05.28/ үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаад байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zzz(202.126.89.162) 2020 оны 05 сарын 31

Barilga barih zovshoorliig ogdog , ulsiin komiss abdag gazruudiig shalguulmaar bn ed hotiig ballaj bn aa

0  |  0
irgen(139.5.218.137) 2020 оны 05 сарын 31

hotiin darga gej bna uu,niisleliin MHG darga gej bn uu, sain duraaraa ogtsroh estoi uul ni uneheer setgel es zui gej baival

0  |  0
og(66.181.182.109) 2020 оны 05 сарын 29

hotiin darga hariutsah yostoi..uuchlal guij ogtsroh heregtei..1 hvvhed bishsdee.gisheh gazargvi bair.bariulj b a..

1  |  1
Зочин(64.119.26.77) 2020 оны 05 сарын 28

Дарга хэлбэл үг дуугүй биелүүлдэг НМХГ ын даргыг халах хэрэгтэй. Газар ухахаас нь эхлээд хяналт тавьж ажиллах үүрэгтэй НМХГ ажилаа хийсэнгүй .Хэзээ хойно нүх ухаад усаа татчихсан хойно нэр дэвшигч Амарсайханы сонгуулийн сургаар ажилаа идэвхжүүлсэн хойно та нар зайлцгаа гээд хөөгөөд явуулчих эзгүй усанд хүүхдүүд амиа алдчихлаа. Газар ухахаас нь өмнө НМХГ ын дарга Бямбасүрэн дарга ажилаа \n хийсэн бол ийм эмгэнэлт явдал гарахгүй байлаа. Амарсайхан дарга аа ухсан нүхнээс буруутан хайхын оронд цаг тухайд нь ажилаа хийж хяналтаа тавьж чадаагүй наад удирдаж байгаа улстай нь хариуцлага тооц

1  |  0
Top