“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үерт өртсөн Эрхүү мужийн хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа” гэж ТАСС агентлаг мэдээллээ.
Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-ны нэгэн ажилтан тус агентлагт “Х.Баттулга Ерөнхийлөгч өөрийн биеэр хүүхдүүдийг хүлээн авч уулзсан. Дараа нь хүүхдүүд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд зочилсон. Эрхүү мужийн Тулун, Нижнеудинск дүүргийн 9-17 насны 42 хүүхэд Монголын Засгийн газрын урилгаар Олон улсын “Найрамдал” зусланд амарч байгаа. Байгалийн гамшиг тохиолдсоны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга хамгийн түрүүнд эмгэнэл илэрхийлж, тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм” гэж мэдээлсэн байна.
Эрхүүгийн хүүхдүүд Улаанбаатарт “Оросын төмөр зам”, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн зардлаар ирсэн юм. Хүүхдүүд наймдугаар сарын 1 хүртэл “Найрамдал” зусланд амарч, дараа нь “Эрдэнэт” үйлдвэрийн хүүхдийн зусланд наймдугаар сарын 25 -ныг хүртэл байрлах гэнэ.
Монголын Засгийн газраас үерт хохирогчдод зориулан энэ сарын 6-нд 10 тонн, 7-ны өдөр 4,6 тонн хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. Мөн Эрхүү мужид нэг сая рубль хандивлажээ.
ОХУ-ын Эрхүү мужид долоодугаар сарын эхээр аадар бороо үргэлжлэн орсны улмаас үер бууж, 10 мянган байшин усанд автаж, 25 хүн амь насаа алдсан. Хохирлын нийт хэмжээг 29 тэрбум рубль гэж тогтоосон ба орон гэрээ алдсан иргэд хоргодох газар хоног төөрүүлж, байшин барилга нь бүрэн бүтэн үлдсэн иргэд ч цахилгаангүй нөхцөлд амьдарч байгаа юм. Хөрш оронд болсон энэхүү байгалийн гамшигт нэрвэгдэгчдэд зориулан, манай улсад хандивын аян зохион байгуулж, Ерөнхийлөгч Х.Баттулга үерийн хохирлыг арилгаж, сэргээн босголт хийж дуустал Эрхүү мужийн хүүхэд багачуудыг нутагтаа хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлсний дагуу дээрх хүүхдүүд Монголд амарч байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
sain baina mash sain...
Mash zuz