Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын иргэн Госиаме Тамара Ситоле гэгч 37 настай эмэгтэй арван ихэр хүүхэд төрүүлж, өнгөрсөн сард тогтоогоод байсан дэлхийн дээд амжилтыг эвджээ.
Ситоле Преториа хотын амаржих газарт кесарев хагалгаа хийлгэсэн байна. Долоон хүү, гурван охин хорвоод мэндэлжээ. Зургаан жилийн өмнө Ситоле хоёр ихэр хүүхэд төрүүлж байжээ. Хүүхдүүд гэртээ харихаасаа өмнө хэдэн сард инкубаторт байх юм.
Гиннесийн Дэлхийн дээд амжилтын багийнхан энэ мэдээллийг авсан ба өнөр өтгөн гэр бүлд баяр хүргэсэн гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ. Энэхүү сэтгэл хөдөлгөм үйл явдлыг дээд амжилтаар бүртгэхээр шалгаж байгаа ба юун түрүүнд эх, хүүхдүүдийн эрүүл мэнд чухал гэж онцолсон байна.
Өнгөрсөн тавдугаар сард Мали улсын Халима Сиссе гэгч эмэгтэй есөн ихэр хүүхэд төрүүлж, дээд амжилт тогтоож байсан билээ.
Дэлхий дахинд жилд 1.6 сая ихэр хүүхэд төрдөг байна. Статистик мэдээллээр, 42 төрөлт тутам ихрүүд хорвоод мэндэлдэг аж. Сүүлийн үед ихэр хүүхдүүд төрөх нь огцом нэмэгджээ. Хойд Америкт энэ үзүүлэлт 71 хувь, Европт 60 хувь, Азид 32 хувиар өссөн байна. Эрдэмтэд ихэр хүүхдүүдийн “бүүм”-ийн гол шалтгааныг эхийн нас, нөхөн үржихүйн технологийн хөгжилтэй холбон тайлбарлаж байна. 35-39 насанд ихэр хүүхэд төрүүлэх магадлал хамгийн өндөр байдаг гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )