Энхийг сахиулагч эмэгтэйчүүд энхийн түлхүүр

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Өнөөдөр, тавдугаар сарын 29-ний өдөр НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр цэргийн алба хаагч, цагдаа, иргэдийн НҮБ-ын үйл ажиллагаанд оруулж буй үнэтэй хувь нэмрийг зүй ёсоор үнэлж, 1948 оноос хойш НҮБ-ын далбаан дор үүрэг гүйцэтгэж яваад амиа алдсан 3800 гаруй энхийг сахиулагчийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр.

Энэ жил энхийг сахиулагчид онцгой хүнд нөхцөлд ажиллаж байна. Тэд КОВИД-19 халдварын тархалттай тэмцээд зогсохгүй нутгийн ард иргэдийг хамгаалах үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Энэ жил Энхийг сахиулагчдын олон улсын өдрийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл НҮБ-ын хээрийн ажиллагааны хүрээнд эмэгтэйчүүдийн үүрэг, хувь нэмрийг өргөжүүлэх шаардлагын тухай тогтоол баталсны 20 жилийн ойг тохиолдуулан “Энхийг сахиулагч эмэгтэйчүүд энхийн түлхүүр” сэдвийн дор зохион байгуулж байна.

Энхийг сахиулагч эмэгтэйчүүд энхийг тогтооход үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна. Тэд энхийн сахиулах ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлж, нутгийн ард иргэд, ялангуяа эмэгтэйчүүдэд хүрч ажиллах илүү боломжийг нээж, энгийн ард иргэдийн эрхийг дэмжих, хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэж байна. Тэд эмэгтэйчүүдэд энхийн болон улс төрийн үйл явцын чухал хэсэг болох урам зориг өгч байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш баярын мэндчилгээндээ онцолжээ.

НҮБ-ын анхны энхийг сахиулагч бүрэлдэхүүн 1948 оны тавдугаар сарын 29-ний өдөр байгуулагджээ. Түүнээс хойш НҮБ-ын энхийг сахиулах 72 ажиллагаанд нэг гаруй сая энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж, олон сая хүний амь насыг авран хамгаалж байна.

Энэ жил Энхийг сахиулагчдын олон улсын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш сүүлийн 70 жилд НҮБ-ын далбаан дор үүрэг гүйцэтгэж яваад амь эрстсэн бүх энхийг сахиулагчийн гэгээн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөнө. Түүнчлэн, 2019 онд энхийн үйлсийн төлөө амиа өгсөн энхийг сахиулагчдыг Даг Хаммаршелдийн медалиар нэхэн шагнах ёслолын ажиллагаа цахим хэлбэрээр явна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top