М.Батболд “Фауст”-ыг дахин хүргэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 20

Ардын жүжигчин Мягмарнарангийн хүү, найруулагч М.Батболд “Альфа” постдрамын театр байгуулжээ.

М.Батболд шинэ театр байгуулсан талаараа “Монголын театрын урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргах, дэлхийнхтэй эн зэрэгцүүлэх, нийгмийн сэтгэлгээний түвшин, үзэгчдийн оюун санаа, гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрлийг театрын уран бүтээлээр дамжуулан, боловсрол олгох зорилгоор мэргэжлийн баг, хамт олон уг театрыг байгууллаа” гэж ярьсан юм.

Шинэ театрын анхны уран бүтээл нь И.В.Гётегийн “Фауст” жүжиг. ОХУ-ийн ГИТИС-ийг дүүргэсэн найруулагч М.Батболд “Фауст” жүжгийг 2018 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэсэн найруулагч. Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн “Гамлет”, М.Сервантисын “Кихот ноён”-той хамт нэрлэгддэг “Фауст”-ыг ирэх есдүгээр сарын 11-14-нд “Корпорэйт” зочид буудлын тоглолтын танхимд тоглох юм.

Германы суут зохиолч, эрдэмтэн И.В.Гётегийн хоёр бүлэг, 14 үзэгдэлт энэ жүжгийн гол дүрүүдэд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, залуу уран бүтээлч М.Лхагва, Б.Одгэрэл, Т.Анхзул, Б.Хатанбаатар нар тоглоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top