НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ.
Энэ жилийн бага хурлыг “Хүнсний аюулгүй байдал – шимт чанар” сэдвийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр уламжлал ёсоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын их танхимд зохион байгуулна.
Хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг үнэлэх, хүнсний чиглэлийн судалгааны ажлыг эргэлтэд оруулах, төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн холбоо, эрдэм шинжилгээний байгууллагуудын гурвалсан хамтын ажиллагааг дэмжих, хүнсний салбарын хүний нөөцийг бодлогын түвшинд бэлтгэх, салбарын хөгжлийн чиг хандлагыг хамтран тодорхойлоход тус бага хурал чухал ач холбогдолтой.
Иймд тус бага хуралд оюутан, багш судлаачдыг оролцохыг урьж байна. Бага хурлын удирдамжийг үзнэ үү. Утас: 261962.
“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ – ШИМТ ЧАНАР” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
Зохион байгуулагч:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам.
- НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар.
- Монголын хүнсчдийн холбоо.
Бага хурлын зорилго:
- Хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг зохих ёсоор үнэлэх;
- Эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх;
- Хүнсний технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
- Төрийн захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоодын гурвалсан хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх;
- Хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон нийтэд сурталчлан таниулах;
- Хүнсний салбарын хүний нөөцийг бодлогын түвшинд бэлтгэх, салбар дундын уялдааг хангах.
“Хүнсний аюулгүй байдал – шимт чанар” бага хуралд оюутан, судлаачдыг оролцохыг урьж байна. Хурлын илтгэлийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17.00 цагаас өмнө batbaatar@mofa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Утас: 261962.
Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага, илтгэлийн хураангуй, бичлэгийн стандарт
Бага хуралд ирүүлэх илтгэлд дараах ерөнхий шаардлага тавигдана:
- судалгаа нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, тодорхой онол, арга зүйд үндэслэсэн байх;
- практик ач холбогдолтой байх;
- нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай;
- судалгаа, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн байх.
Бага хурлын илтгэлийн хураангуй дараах бүтэцтэй байна:
- илтгэлийн нэр;
- илтгэгчийн нэр;
- удирдагчийн нэр;
- үндэслэл;
- зорилго;
- зорилт;
- судалгааны арга зүй;
- үр дүн;
- дүгнэлт;
- түлхүүр үг.
Бага хурлын илтгэлийн бичлэгт дараах стандарт шаардлага тавигдана:
- илтгэл нь А4 хэмжээтэй 3-4 нүүрэнд багтсан байна;
- илтгэлийг зөвхөн “Unicode” ашиглан “Arial” фонт дээр 12pt үсгийн өндрийг сонгон бичсэн байна;
- илтгэлийг А4 цаасан дээр хуудасны дээд, доод талаас 2 см, зүүн талаас 3 см, баруун талаас 1.5 см зайг үлдээж бичнэ /header, footer, footnote ашиглахгүй/;
- мөр хоорондын зай 1.15 sp байна;
- илтгэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоонд байна.
Шагналын сан
Судлаач:
- Тэргүүн байр: Сайдын батламж, 2 сая төгрөг.
- Дэд байр: Өргөмжлөл, 1 сая төгрөг.
- Тусгай байр: Өргөмжлөл, 400 мянган төгрөг.
Оюутан:
- Тэргүүн байр: Сайдын батламж, 600 мянган төгрөг.
- Дэд байр: Өргөмжлөл, 400 мянган төгрөг.
- Тусгай байр: Өргөмжлөл, 200 мянган төгрөг.
Монголын хүнсчдийн холбооны нэрэмжит шагнал.
Шалгаруулалтыг холбогдох төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулна. Хурлын илтгэлийн эмхэтгэлийг уламжлал ёсоор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгээр хэвлүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )