Украины загвар өмсөгч, дэлхий дахинд “Хүн Барби” хэмээн алдаршсан Валерия Лукьянова 35 нас хүрлээ. Валерия 2016 онд Монголд зохион байгуулагдсан “Face of Beauty International 2016” наадамд шүүгчээр оролцож байсан билээ.
Монгол түүнд маш их таалагдсан. Валерия Лукьянова гэртээ хариад олон нийтийн сүлжээндээ “Монгол маш сайхан орон. Ёстой жинхэнэ адал явдалтай, сайхан дурсамж дүүрэн аялал боллоо. Монголчуудаа, би дахин зочилно” гэж бичсэн байсан.
“Жинхэнэ монгол гэрт авахууллаа. Хүндэт зочдын өргөө гэж надад хэлсэн. Хаана ч очсон хүндлэгдээд их сайхан байлаа. Монголчууд их сонирхолтой улсууд”
“Дежавю л гэж хэлье дээ. Энд урьд өмнө ирж байсан юм шиг”
“Youtube хуудасныхаа статистик тоог харлаа. Миний бичлэгийг хамгийн их үздэг орны жагсаалтын 2-т Монгол байна. Ямар сайхан юм бэ. Монголын сонин, сайтууд миний талаар их сайхан зүйлс бичсэн байсан. Дөнгөж Улаанбаатарт буухдаа их ядарсан байсан. Мексикээс бүтэн өдөр нисэж ирсэн болохоор аргагүй шүү дээ. Зарим хэвлэлд ядарсан зургийг минь оруулсан байсан. Гэхдээ тэд намайг youtube-ээр үздэг болохоор хөөрхөн гэдгийг минь харсан байх. Монгол ёстой сайхан орон. Дахиад заавал очно”
“Улс орнууд 50, 300 жилийн өмнө болсон явдлаас болоод нэг нэгнээ үзэн ядахыг би ойлгодоггүй. Орос оронд ч гэсэн Чингис хаанаас болоод монголчуудад дургүй хүн олон байдаг. Ёстой тэнэг явдал шүү. Саяхан би найздаа Монгол их таалагддаг гэж хэлсэн чинь тэр “Монголчууд оросуудыг алж хядан, боол болгодог байсан шүү дээ” гэдэг байгаа. Одоогийн монголчууд ямар буруутай гэж”
“Монголд би цагаан хоолны ресторанд орсон. Засал чимэглэл нь гоё, үнэхээр амттай хоолтой. Маш олон төрлийн хоолтой, би бүр шоконд орсон. Хөгжим эгшиглээд, танхимын голд том Буддагийн барималтай. Тийм сайхан цагаан хоолны газар би хараагүй удсан байна”
“Өнөөдөр монгол удгантай уулзлаа. Маргааш бас очно. Үнэндээ тэнгэр намайг Монголд гоо сайхны тэмцээн биш тэнгэр, сүнсний асуудлаар илгээсэн байж магад. Миссийн тэмцээн бол Монголд ирэх шалтаг л болсон байх. Удган бид хоёр адилхан шар шувууны сүлдтэй байлаа. Бид хоёрт нийтлэг зүйл их байсан. Тэр багаасаа асар том аалз хардаг байсан гэсэн, би ч мөн адил. Аалз бол хар хүчний тэмдэг гэж удган ярьсан. Намайг амьтан өргөлд барих ёслол хийх үү гэхэд нь би татгалзсан. Тийм ёслолыг сайн зүйл биш гэж би боддог” гэж бичиж байлаа.
Украины мисс Валерия Лукьянова нь 1985 оны наймдугаар сарын 23-нд одоогийн Молдав улсад мэндэлжээ. Тэр багадаа маш олон барби хүүхэлдэйний цуглуулгатай байсан гэнэ. Магадгүй энэ нь түүнийг барби шиг болох хүсэлд хөтөлсөн байж ч мэдэх юм.
Валерия цагаан хоолтон бөгөөд “Liquid diet” буюу шингэн хооллолтын дэглэм тогтмол барьдаг. Валерия Лукьянова болон түүний нөхөр, Украинын бизнесмен Дмитрий Шкрабов нар багын найзууд байжээ. Хосууд 2014 онд Украинд дэгдсэн улс төрийн мөргөлдөөн, дайны улмаас ОХУ-руу нүүж, Москва хотод амьдарч байгаа аж.
Тэр олон нийтийн цахим хуудсуудад олон сая дагагчтай бөгөөд фэйсбүүк, инстаграмын идэвхтэй хэрэглэгч юм. Хэдэн жилийн өмнө дэлхийн томоохон хэвлэлүүдээр "түүний зургуудыг фотошопоор янзалж, барби шиг болгож өөрчилсөн" хэмээн шуугиж байсан ч Валерия өөрийнхөө хэд хэдэн бичлэгийг “Youtube”-д байршуулж, телевизийн шууд нэвтрүүлгүүдэд оролцсоноор “бодитой” болох нь батлагдсан юм.
Валерия Лукьянова “The Phase” нэртэй баримтат кинонд тоглож байснаас гадна энэ онд “The Doll” гэх аймшгийн кинонд тоглосон байна. Тэр дуу зохиодог бөгөөд “Sun in the Eyes” болон “2013” гэсэн хоёр цомогтой. Мөн 2012 онд “Astral Travel Amatue” нэртэй номоо хэвлүүлжээ.
Валерия Лукьянова хөхөндөө мэс ажилбар хийлгэж томруулснаас өөр гоо сайхны хагалгаа хийлгээгүй хэмээн хэвлэлүүдэд тайлбар өгдөг. Тэр “TooFab”-д өгсөн ярилцлагадаа “Хүн Барби” гэх нэрэндээ дургүй бөгөөд өөрийгөө өглөө болгон нүүр будалтдаа гол анхаарлаа хандуулдаг “класси охин” хэмээн тайлбарласан байна.
Тэр ярилцлагын үеэр нэгэн шүтэн бишрэгч нь ахиж гоо сайхны хагалгаа хийлгэх эсэх талаар асуухад нь Валерия “Хэрвээ шаардлага гарвал биедээ хагалгаа хийлгэнэ. Би гоо сайхны хагалгааг эсэргүүцдэггүй. Гэхдээ одоогоор надад ахиж хагалгаа хийх шаардлага алга” хэмээн хариулж байв.
Сэтгэгдэл ( 0 )