АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.
Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.08.24/ "Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан 13:00 цагт эхэлсэн ч шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулж шийдвэрлээ. Тодруулбал, нэр бүхий гэрч нарыг шүүхийн тогтоолоор албадан ирүүлэх, хохирогч “Шунхлай” ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Батхуягийг томилсоныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5.1 дэх хэсгийн 1.2, 1.3 дэх заалтуудыг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тогтоож, эрх үүргийг тайлбарлах, хэргийн материалтай танилцуулахаар шүүхийн тогтоол гарч, хурлыг ирэх аравдугаар сарын 5-ны өдрийн 10.00 цагт товлолоо.
Тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, "Жаст"-ын Ш.Батхүүг мөнгө угаасан, залилсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэж яллаж байгаа бол "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан болон түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримт хуурамчаар үйлдэж, устгасан гэх үндэслэлээр шүүнэ.
Харин "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, тус үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг эрх мэдлээ урвуулан ашигласан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, устгасан эсэхийн гэм бурууг хэлэлцэх юм.
Зүйл ангийн тухайд, Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК -ийн захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан /Залилах/ мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан /Мөнгө угаах/ гэмт хэрэгт,
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиралаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
“Алтжин групп”-ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт,
Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.
Сэтгэгдэл ( 0 )