“Жаст групп“ ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 5 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2022.10.21/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хурал өчигдөр эхэлсэн бөгөөд оройн 22.00 цаг буюу шөнийн цаг болсон учир завсарлаж, өнөөдөр үргэлжилж байгаа юм. Шүүхээс өгч байгаа мэдээллээр уг хурал олон хоног үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ.
АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгаж байгаа. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг ч хэрэг шүүхэд шилжсэнээс хойш яллагдагч Г.Алтан нас барсан тул хурал багагүй хугацаагаар хойшлогдоод байсан юм.
Тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа.
Өөрөөр хэлбэл, "Жаст"-ын Ш.Батхүүг мөнгө угаасан, залилсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэж яллаж байгаа бол "Алтжин" группын Ерөнхий захирал агсан Г.Алтан болон түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримт хуурамчаар үйлдэж, устгасан гэх үндэслэлээр хэрэгт татсан байдаг.
Харин "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, тус үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг эрх мэдлээ урвуулан ашигласан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, устгасан эсэхийн гэм бурууг дэнсэлж байна.
Эргэн сануулахад, "Жаст"-ын Ш.Батхүү нарын Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээлсэн өрийг нь багасгаж, 40 сая ам.долларыг "Эрдэнэт" үйлдвэрийн Эрсдлийн сангаас төлсөн байдаг. Тус үйлдвэрийн удирдлагууд болон Засгийн газрын зүгээс дээрх мөнгийг "Жаст"-ын Ш.Батхүүгээс ямар нэгэн хэлбэрээр гаргуулж авахаа удаа дараа илэрхийлдэг. Тухайн үед Засгийн газарт "Жаст"-ын Ш.Батхүүгийн гэх 52 тэрбум төгрөгийг битүүмжилсэн талаар Авлигатай тэмцэх газраас албан бичиг ирүүлсэн бөгөөд түүний дараахан АТГ-аас Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой 98 тэрбум төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болгосон билээ.
Сэтгэгдэл ( 1 )
ene baliar zawaan shuba nii tuluu heden amitanii amiig horooson boldoo