Энэ өдөр түүхэнд: Лев Толстойн 4 хэлээр ярьж байгаа бичлэг

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 09

Оросын алдарт зохиолч Лев Толстой 194 жилийн өмнөх энэ өдөр мэндэлж байжээ.

Түүний төрсөн өдөрт зориулан, нэгэн түүх сонирхуулья.

1909 оны намрын нэгэн өдөр Ясная Полянад нэрт зохион бүтээгч Томас Эдисоны бие төлөөлөгч иржээ. Томас зохиолчийн дуу хоолойг фонографт бичиж авахыг хүссэн байлаа. Толстой түүнд өөрийн “Мудрые мысли на каждый день” номоос англи, герман, франц, орос хэлээр уншиж өгсөн байна. Энэ бичлэгээс нэг жилийн дараа Лев Толстой нас барсан юм.

Лев Толстойн тухай таны мэдэхгүй 7 баримт

1, Оросын Шинжлэх ухааны академиас түүнийг Нобелийн шагналд нэр дэвшүүлснийг сонсоод Толстой нэрээ татан авч байв. Яагаад ингэснээ агуу зохиолч “Нэгдүгээрт, шагналын мөнгийг яаж үрэх вэ гэдэг асуудлаас намайг чөлөөлсөн. Мөнгө бол хүнд хор хөнөөл л авчирдаг. Хоёрдугаарт, танихгүй маш олон хүнээс баяр, талархлын үг сонсмооргүй байлаа” гэж тайлбарласан байдаг.

2, 1853 онд Кавказын дайнд оролцож байхдаа Георгийн загалмай одонгоор шагнуулсан ч мөн л татгалзаж, өөр цэрэгт өгсөн. Учир нь энэ одонг насан туршийн тэтгэвэр дагалддаг байсан бөгөөд өөрт нь биш тэр цэрэгт тэтгэвэр илүү хэрэгтэй гэж үзжээ.

3, 1857 онд Орос орныг ой модоор дүүргэх төсөл боловсруулаад Улсын өмчийн яаманд танилцуулж байлаа. Төсөлдөө Туль мужийн улсын өмчийн газрыг өөрт нь 9 жилийн хугацаатай өгөхийг хүссэн байна. Харин яамнаас түүний төслийг зардал ихтэй, ирээдүйгүй гэж үзжээ.

4, 1958 онд Толстой зохиолч Тургеневтэй муудалцаж, халз тулаанд дуудсан байдаг. Шалтгаан нь Тургенев түүний дүү Марияг эргүүлээд байжээ. Дараа нь Тургенев захидал бичин, хүлцэл өчиж тэд эвлэрсэн ч 17 жил огт дуугараагүй гэдэг.

5, 1862 онд Лев Толстой өөрийгөө уйтгар гуниг гэдэг өвчин туслаа гэж оношложээ. Тэр үед стрессийг нээгээгүй байсан тул одоо бодоход их зохиолч стресст ороод байжээ. Энэ өвчнөө айргаар эмчилж эхлэн, амтанд нь ороод Айрагны сувиллын дэргэд байшин худалдан авч байжээ.

6, 1886, 1888, 1889 онд Толстой гурван удаа Москвагаас Ясная Поляна руу алхсан. 200 км зайтай энэ аяллыг анх хийхдээ Толстой 58 настай байлаа.

7, Гутал оёж, танилууддаа бэлэглэх дуртай байлаа. Түүний хүргэн Михаил Сухотин энэ гутлыг “Дайн ба Энх” номтой цуг нандигнан хадгалдаг байснаа дурссан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top