BTS-ийг цэргээс чөлөөлөхгүй ч хугацааг нь хойшлуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

БНСУ-ын БХЯ-наас BTS хамтлагийн гишүүдийн цэргийн алба хаах талаар сүүлийн үед гарч байгаа асуудалд хариу өглөө.

БХЯ-ны сайд Со Ук “Цэргийн алба хаах хуулийг бид зөрчихгүй. Тийм болохоор тус хамтлагийн гишүүдийг цэргийн албанаас чөлөөлөх талаар авч хэлэлцээгүй. Гэхдээ тэдний армид очих хугацааг хойшлуулах талаар ярилцаж болох юм” гэж мэдэгдлээ.

БНСУ-ын хууль ёсоор Эх орныхоо нэрийг гадаадад өргөн мандуулсан тамирчин, сонгодог урлагийн уран бүтээлчид цэргийн албанаас чөлөөлөгддөг. Жишээ нь, олимпын наадам болон Азийн наадамд түрүүлсэн бүх тамирчид цэрэгт явахгүй байх эрх эдэлдэг. Харин К-Поп хөгжмийнхний хувьд чөлөөлөх заалт байдаггүй юм.

Парламентын гишүүн Но Вун Рэ BTS хамтлагийг армиас чөлөөлөх хуулийн төслийг хурдан хэлэлцэж эхлэхийг шаардаад “Шигшээ багийн хөлбөмбөгч Сон Хын Мин (Тоттенхэм Хотспур) 2018 оны есдүгээр сард Азийн наадамд түрүүлээд цэрэгт явахгүй болсон. Дэлхийн чартыг тэргүүлсэн BTS хамтлаг Соноос юугаараа дутуу гэж. Харин ч эх орныхоо эдийн засагт 14,7 тэрбум ам.доллар оруулсан гавьяатай” хэмээн маргаан өрнүүлсэн юм.

Сон цэргээс чөлөөлөгдсөн ч 21 хоногийн цэргийн сургалтад хамрагдаж, 34 сард 544 цаг олон нийтийн ажил хийх ёстой. Сургалтаа тэр өнгөрсөн хавар дүүргэсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top