Шаргалжуутын хөндийд өөд уруугүй, өгсөж уруудан шүдэнзний ширхэг мод, чихрийн ганц цаас үлдээлгүй нямбайлан түүж байгаа энэ дүр зураг цаанаа дулаахан. Энэ хүмүүс бол нутаг орныхоо төлөө зүрх сэтгэлээрээ нэгдсэн сувиллын ажилтнууд, эмч нар, нутгийн иргэд, сумын залуусын “Шаргалжуут-Зөв хөгжил” аяныхан. Тэд энэ жил Шаргалжуутыг зорьсон мянга мянган амрагчдаа үдээд эх дэлхий - байгаль ээж рашаан усаа аргадан их цэвэрлэгээгээ хийж, алдаа оноогоо дэнслэн цаашид байгальд ээлтэй зөв хөгжлийн төлөө нэгдсэн сайн дурын хамтын нэгдэл. Шаргалжуутын амралт сувиллын газар тав тухтай үйлчилгээнээс гадна хүрээлэн буй орчин, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах асуудлаар нутгийн иргэдтэй хамтран ажиллах нь чухал хэмээн үзэж энэхүү аяныг санаачилсан байна.
Халуун рашаан бараадсан хүний хөл жил бүр тасралтгүй нэмэгдэж байгаа учраас байгаль орчны даац хэтрэхээс урьдчилан сэргийлж, судалгаа нотолгоон дээр суурилсан цаашид байгальдаа ээлтэй ашиглалт хамгаалалтын “Шаргалжуут–Зөв хөгжил”-ийн бодлогыг энэхүү нэгдлийн оролцогч талууд хамтран гаргаж, энэ хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг Шаргалжуут рашаан сувилал ирэх жилүүдийн орлогоороо санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийг нутгийн иргэд, орон нутгийн удирдлагууд талархан хүлээн авч, Шаргалжуутын байгалийн онцгой өгөгдлийг алдагдуулахгүй баянбүрд чигээр нь хадгалж, хүн бүр байгаль дэлхийдээ хайртай, зөв сэтгэлтэй оролцогч тал болсноор рашааны ордоо мянга мянган жилийн тэртээгээс ирсэн энэ л чигээр нь авч үлдэнэ гэж үзэж байгаа аж. Анхны жилүүдэд хүмүүс хойрго хөндий ханддаг ч, зөв сайн ямар ч үйл хэрэгт хүмүүс нэгддэгийг аяны хүрээнд санаачилсан эхний ажлуудын үр дүн харууллаа хэмээн нутгийн иргэд, тус аянд оролцогчид хэлж байна.
Энэ намрын их цэвэрлэгээгээр тэвш тэвш дүүрэн хог түүж, голын ай сав, уулын хөндийг хуу хаман цэвэрлэжээ. Хог хаягдал түмэн зүйл байх ч байгалийн хөрсөнд шингэдэггүй хуванцар савны хэмжээ жил бүр нэмэгдсээр байгааг ч онцолж хэлэх юм. Хогоо аймгийн төв рүү дахин боловсруулах үйлдвэрт хүргэдэг бол цаашид хуванцрын хэрэглээг хумих тал дээр хүмүүсийн ухамсарт нөлөөлөх ажлуудыг хэрэгжүүлэх гэнэ. Түүнчлэн Шаргалжуутын ай сав, ойр орчимд 100 гаруй нүхэн жорлон байгаа нь асуудал дагуулахаар байгаа аж. Иймд Рашаан усны сав газраа хамгаалахын тулд “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнийг өрнүүлэх, рашааны орд газрын талбайг хүний замбараагүй хөл хөдөлгөөнтэй урсгалаас хамгаалах, замын шинэчлэл хийх, байгаль экологи, хүүхэд хөгшдөд ээлтэйгээр тохижуулах гээд аяны оролцогчид олон санал санаачлагууд дэвшүүлсэн, шийдвэрлэх арга замаа ч тодорхойлжээ.
Монгол Улсын халуун рашааны охь манлай болсон Шаргалжуутыг эх орондоо жишиг болохуйц Шинэ хөгжлийн зам руу оруулахаар зорилго нэгтэйгээр хөдөлсөн “Шаргалжуут-Зөв хөгжил” аяны хамт олны үйл хэрэг амжилттай үргэлжилсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )