Үйлдвэрийн газрын хэмжээнд өрнөсөн “Эрүүл ажлын байр” гурван сарын аяны хүрээнд хийсэн ажлаараа тэргүүлэгч Цахилгааны цехийн ажлын байрыг сурвалжлав. Цехийн захиргааны байрны хаалгаар оруут цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, сэтгэлд таатай дулаан орчин угтана. Тус цехийн Ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч Э.Ганзоригтой уулзаж, аяны хүрээнд амжуулсан ажлаас нь тодруулахад, “Бид болзолт уралдааны шалгуур үзүүлэлтийн дагуу тодорхой чиглэлээр ажилласан. Үүнээс цухас дурдвал ажлын байруудад эрсдэлийн үнэлгээ хийсэн. Хамгийн өндөр эрсдэлтэй, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй ажлын байруудад инженерийн шийдлээр эрсдэлийн түвшин бууруулах арга хэмжээ авсан. Үүн дээр инженер техникийн ажилтнууд, ажиллагчид ур ухаанаа уралдуулан, хүчээ нэгтгэсний үр дүнд эрсдэлийн түвшин эрс буурсан. Орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг ажлын байранд нэвтрүүлсэн нь хөдөлмөр хөнгөвчлөн, эрсдэлийг тодорхой түвшинд бууруулах боломж бүрдсэн. Түүнчлэн, ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулан, сургалт явуулж хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлсийн хэмжилтийг шаардлагатай газар хийсэн. Тоосжилт, чийгшилт, доргион, дуу чимээ зэрэг хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлс зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн ажлын байр манайд үгүй. Сургалтын болон ажилчдын чөлөөт цагийн танхимыг боломжоороо тохижуулсан” гэв. Шугам сүлжээ, дэд станцын хэсгийн Засварын зааланд багаж, түлхүүрийг гарын дор хэрэглэхэд ойрхноор хананд байрлуулсан, нэг ширээтэй авсаархан өрөө байх. Хэсгийн мастер Н.Саранцогт санаачлан ашиглалтгүй, цоожтой байсан өрөөг ойр зуурын монтаж хийх, техникийн зураг зурах зориулалтаар ийн тохижуулсан байна. Энд дасгалын тоног төхөөрөмж бүхий багавтар өрөөтэй, бас саун, билльярд болон теннисийн ширээ зэргийг байрлуулжээ. Энэ хэсэгт трансформатор ороох автомат машин, өрмийн суурь машин зэрэг шинэ тоног төхөөрөмж авч ашиглаж эхэлсэн нь ажилчдын эрүүл мэндэд эрсдэл учруулахаас сэргийлэх, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, сайн ажил болсныг тэндхийн ажилчид ярьж байлаа. Засварын өрөөнд зузаан хар резин дэвссэн нь өвөрмөц харагдав. Ажлын байр бүрд байгаад байдаггүй энэ шал дуу чимээг намсгах төдийгүй, санамсаргүй унагасан эд анги хагардаггүй аж.
Бид дараа нь Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсэг дээр очлоо. ЗМЗ-д байрлах уг хэсэг 17 ажилчинтай. Эрдэнэт үйлдвэрийн бүхий л цахилгаан тоног төхөөрөмжийг засварладаг энэ ажлын байр тун өнгөлөг харагдана. Хэсгийн байраар оронгуут гоёмсог самбар байх. Эрдэнэт үйлдвэр, цех, хэсгийнхээ логог оройдоо залсан энэ самбарт 9-р сард шинэ санаачилга гаргасан ажилчдын нэрсийг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ. Сар бүр хэн ямар санаачилга гаргасныг ийнхүү ил тод харуулдаг. Ингэснээр хүмүүс урамшдаг, нөгөөтээгүүр шинэ зүйл санаачлах сэдэл төрдөг аж. Тэдний санаачилсан зүйлс эмх цэгцийг бий болгох, аюулгүй ажиллах, өртөг зардлыг бууруулахад чиглэсэн жижиг сайжруулалт, томоохон ажил ч байдаг аж. Бүтээлч санаачилгатай, гар нийлсэн энэ хамт олон шал, хана, хуучин тоног төхөөрөмжөө ч засаж тордох, будаж өнгийг нь сэргээж, ажлын байр бүрийг хаягжуулж, аюултай болон аюулгүй бүсийг тусгаарлаж, зарим тоног төхөөрөмжийн суурь хашлага хийх зэрэг олон ажлыг өөрсдийн санаачилгаар хийжээ. Ажилчин бүрийн ажлын онцлогт тохирсон аюулгүй ажиллагааны заавар плакатыг хажуу хананд байрлуулсан байна. Аливаа эрсдэлээс сэргийлэх энэ зааварчилгаа өмнө нь нарядын өрөөнд байжээ. Тус хэсгийн мастер, Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны сайн саналын шилдэг манлайлагчдын жагсаалтын хоёрт бичигдсэн Б.Амгаланбаатар “Бид зөвхөн уралдаанд зориулж биш, сүүлийн жил гаруйн хугацаанд ажлын байраа тохижуулах, сайжруулах ажилд их анхаарч ирсэн. Ер нь ажлын байр эмх цэгцтэй, тохитой, цэвэрхэн байхад ажлын бүтээмж өндөр байхаас гадна хамгийн гол нь ажилчин аюулгүй орчинд, сэтгэл өөдрөг ажилладаг. Иймээс бид заримдаа ажил тарсны дараа 20 цаг хүртэл, зарим нөхцөлд ажлаа шахаж хийгээд баасан гарагт зөвхөн тохижуулах, сайжруулах ажил хийж ирсэн. Нэг зүйлээ сайхан болгочхоод харахад дахиад өөр хийх юм гараад л ирдэг. Одоо ч бидний энэ ажил үргэлжилсээр байгаа” гэв. Жилд 600 гаруй хөдөлгүүр засдаг энэ хамт олны “зэвсэг” нь мэдээж сайн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл. Сүүлийн жилүүдэд цехээс орчин үеийн шинэ тоног төхөөрөмж авч суурилуулж, цогц багажаар хангаж буйд ажилчид ихээхэн урамтай байгаа гэнэ. Ажлаа хөнгөвчлөх, аюулгүй ажиллах үүднээс өөр эх үүсвэрээс ч хэрэгтэй зүйлээ авчээ. Тэд хувиасаа мөнгө нийлүүлэн хоёр сая төгрөгөөр Германы нэртэй брендийн хийн инфакт авчээ. Энэ багажаар том хөдөлгүүрийн эрэг боолт тайлахад маш хялбар байдаг аж. Мөн Үйлдвэрчний эвлэлээс бас өөр төрлийн багаж авч өгчээ. Хөдөлгүүрийн ороомгийн толгойг хасуур барьж алхаар цавчиж авдаг байсныг орчин үеийн хийн багажаар төдөх юмгүй л авах болжээ.
Эдний хамт олон эрсдэлгүй, эрүүл орчныг бий болгох, шинэ зүйл санаачилж, бүтээхийн төлөө сэтгэл санаа, оюун бодлоо дайчилдаг. Түүний дотроос ороомгийн машины тоолуур, хөдөлгүүрийн хурд хэмжигч зэргийг санаачлан хийсэн залуу ажилчин Б.Ишдоржийг мастер Б.Амгаланбаатар онцлов. Түүний санаачилсан тоолуур гэхэд л 400 мянган төгрөгөөр “босож”, дөрвөн сая гаруй төгрөг хэмнэсэн аж.
Ийнхүү эрүүл, сайхан орчинд ажиллахаар зорьж, бүтээж яваа Цахилгааны цехийн хамт олны үйлс өөдөө байг.
Сэтгэгдэл ( 0 )