Хаа холоос ирэх хүүгээ угтсан эхийн баярын мишээл шиг урин хаврын улирал ирэхэд хүний сэтгэл баясгалантай тэнүүн болдог. Зуны эхэн сарын хөхөөн дуунаар хүн, малгүй налгар, монгол орны найман зовхист тэнэгэр. Намрын шаргал наран туниа муутай цонхийн хахир өвлийн жихүүн жаврыг даллах мэт. Энэхүү цагийн дөрвөн улирлын байгалийн ааш аяг дор ажил үүргээ гүйцэтгэдэг хүмүүс бол геологичид. Энэ хөргийн эзнийг Ховд аймгийн Манхан сумын харьяат Шуурайн Нарангэрэл гэдэг. Мань эр Нарангэрэл гэж эмэгтэй хүүхдийн нэр хэмээн дотроо бодож явдаг байж. Сургуульд орохдоо Болдоо гээд бүртгүүлчихжээ. Энэ үеэс ойр дотнынхон, ангийнхан нь Болдоо хэмээнэ. Наймдугаар анги төгстлөө энэ нэрээр явсан аж. Одоо ч гэрийнхэн нь Болдоо хэмээн дуудна. Хүүхэд насны хөгтэй, хөгжилтэй явдлын нэг энэ. Одоо манай цехэд Нарангэрэл нэртэй хоёр хүн байна гэж алдрынхаа учрыг тодотгов. Тэр цэргийн алба хаагаад Эрдэнэт хотод суурьшсан нэгэн. Хувиараа хөдөлмөр эрхэлж яваад Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбосон товч намтартай.
Зэвсэгт хүчний 123-р ангид түрүүч цолтой салаан дарга явсан аавын хүү. Хоёр сар цэргийн ангидаа үлдэж, офицер болох бодол тээн явсан түүхтэй. Хугацаат цэргийн албанд татагдсан найман цэрэг жагсаалын бэлтгэл хийгээд манаргаж явсан гэх. Цэргээс халагдаад Улаанбаатар хотын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Өрмийн машинчийн курсийг өрөмдөгч мэргэжлээр төгсжээ. Тэрбээр үйлдвэрийн Геологи хайгуулын ангид 30 гаруй жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан Осорын Амгалан ахыгаа ихэд хүндэлнэ. Энэ нагац ах нь түүний амьдралыг эртнээс жолооджээ. Хорь хүрээгүй, хонгор үстэй байхад нь Ховд аймгаас Эрдэнэтэд дагуулан ирж зааж сургаж, өсгөн хүмүүжүүлсэн Амгалан ахыгаа тэр ажил, амьдралын багшаа гэж үзнэ. Тэднийд нэг хэсэг амьдарч үр хүүхдийг нь өсгөлцөж явжээ. Одоо энэ ахынх нь хүүхдүүд эр өсөж, эсгий сунахын үлгэрээр том эрс болсон гэнэ. Нагац ахынх нь хүү Амгалангийн Энхбат Авто тээврийн байгууллагад ажилладаг. Тэр ийм нэгэн уурхайчдын удамтай. Түүний ханийг Энэбишийн Отгончимэг гэдэг. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн анхдагчдын нэг Дамдинрагчаагийн Энэбиш гуайн охин. Түүний аав уурхайн шавыг тавилцаж явсан хүн. Төрийн соёрхолт Г.Сандуйжавтай хамт ажиллаж явсан геологич... Ш.Нарангэрэлийнх хоёр охинтой. Зээ нараа тойруулсан өнөр айл. Том охин Туул нь барилгын компанид нягтлан бодогч. Бага охин Тунгалаг нь 7-р ангийн сурагч. Төгөлдөр хуурын дугуйланд хичээллэдэг. “Бидний ажил газрын гүнийн эрдэс баялгийг геологичдод ил гарган биетээр гарт нь бариулдаг онцлогтой. Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ажилладаг. Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, нэг зангаараа, ажлаас хойш суудаггүй, цугтаа ажиллахад урамтай, хамт олондоо түшигтэй эр гэж олон жил хамт ажилласан нэг найз нь Нарангэрэлийг тодорхойлсон. “Бид хоёр нэгнийхээ орон зайд орших хүртлээ нөхөрлөсөн. Геологичид бол “мужик” хүмүүс. Нэгнээ гэсэн сэтгэл илт мэдрэгддэг. Бусад цехийнхэнтэй харьцуулахад өөр хоорондоо бид арай ойрхон явдаг юм шиг санагддаг” гэж нэмж өгүүлэв. Харин Ш.Нарангэрэл “Ямар ч ажлыг бардам сайн хийчих сайхан байдаг. Хаягдлын аж ахуйн өргөтгөлийн ажлын хүрээнд уулыг сэтлэн далан байгуулсан. Энэ бүтээн байгуулалтад манай цехийн бүх өрөм ажилласан. Их ажлын ард гарахад мөн ч сайхан байж билээ” гэв.
Түүний анхны багш Д.Ундрах-Эрдэнэ агсан төөлбөл нуруу, тоолбол нас чацуу явсан гэнэ. “Зэлтэрийн нүүрсний хайгуулын өрөмдлөгийн ажлын талбар дээр Ундрах-Эрдэнэ найзтайгаа анх танилцаж байлаа. Бид хоёр нас чацуу ч ажлын талбар дээр надаас эрт хөл тавьсан нэгэн. Энэ найз маань намайг ажлын дадлага туршлага олж авахад их тус хүргэсэн” гэж бодлогошронгуй ярилаа. Тэр найз Д.Дэлгэрсайхан, өрөмдөгч Ж.Буянжаргал, гагнуурчин П.Гантулга нартай олон жил нэг дор ажиллаж ирсэн аж. Харцнаасаа, харилцаанаасаа нэгнээ мэдэх хүмүүс гэнэ. Ер нь бригад хамт олонтойгоо нэгэн цул болон хөдөлмөрлөж амжилтад хүрснийг дахин дахин сануулж байв. Тэр төлөв даруу зантай. Дуу цөөтэй. Харин ярихаас илүү биеэр үлгэрлэн ажилладаг нь түүний бусдаас ялгарах онцлог. Намайг дагаад хий, миний хийснээс суралц, гэсэн зарчмыг барих мэт хөдөлмөрлөнө. Аюулгүй ажиллагааны журмыг чанд мөрдөн ажиллахыг хүнээс шаардсан ажил бол өрөмдлөг. Анхаарал болгоомж, нарийн мэдрэмж хэрэгтэй. 12 цагийн хугацаанд 110-130 цооног өрөмдөх төлөвлөгөөтэй. Ийм хариуцлагатай ажлыг Шуурайн Нарангэрэл гүйцэтгэнэ. Тэр тэсэлгээний цооног өрөмдөх, худаг гаргах ажилд ихэвчлэн оролцжээ. Геологи хайгуулын ангийн “Шилдэг өрөмдөгч” Ш.Нарангэрэл ашиглалтын, эрэл хайгуулын, гидрогеологийн томоохон өрөмдлөгийн ажлуудад үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж ирсэн. Ил уурхайн овоолгууд орчмын гидрогеологийн хяналтын цооногийн 10256 тууш метр өрөмдлөг, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн мониторинг пъезометрийн судалгааны нийт 1263 тууш метр өрөмдлөгийн ажлыг SH-9000 өрмийн төхөөрөмжөөр чанарын өндөр түвшинд хийжээ. Эдгээр ажлын үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн геологийн насжилтыг 20 жилээр уртасгаж, үйлдвэр, хотын хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан байна. Тэрээр өрмийн тоног төхөөрөмжийн техник үйлчилгээ, засварыг цаг тухайд нь тогтмол хийж, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг ханган, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавар, үйлдвэрийн ашиглалтын нөөц өсгөх, насжилт уртасгахад онцгой үүрэг гүйцэтгэсэн ажилтны нэг юм. Түүний удирдсан Power-7000 өрмийн бригад 4935,3 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, хамт олноо хошуучилсан удаатай. Ш.Нарангэрэл нь цехэд ашиглаж буй бүх төрлийн өрмийн тоног төхөөрөмж дээр ажиллаж, өрөмдлөгийн технологийн уламжлалт аргыг шинээр нэвтэрч буй орчин үеийн өрөмдлөгийн технологийн аргуудтай хослуулан өрөмдлөгийн ажлыг баталсан төслийн дагуу технологийн зөрчилгүй, цооногийн осол авааргүй гүйцэтгэж ирсэн шилдэг өрөмдөгч. Хаягдлын аж ахуйн далангийн ажиглалтын мониторинг пьезометрийн судалгааны 2059 тууш метр өрөмдлөгийн ажлыг цаг хугацаанаас нь өмнө чанарын өндөр түвшинд гүйцэтгэжээ. Энэ үед цохилтот өрөмдлөгийн аргыг ашигладаг байсныг эргэлтэт өрөмдлөгийн аргаар сольж гүйцэтгэсэн нь цаг хугацаа, зардал хэмнэсэн ажил болж төлөвлөгөөт даалгаврыг 192 хувиар давуулан биелүүлсэн байна. Мөн үйлдвэрийн хүдрийн түүхий эдийн нөөцийг өсгөх эрэл хайгуулын ажилд SH-9000 өрмийн бригадын даргаар ажиллан дээж сугалагчтай алмазан өрөмдлөгийн аргыг ашиглан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд 1371 метрийн гүнтэй цооногийг 100 хувийн дээжийн гарцтайгаар өрөмдсөн нь Эрдэнэтийн дүүргийн хамгийн гүн хайгуулын цооногоор бүртгэгджээ. Түүний ажлын амжилтыг үнэлэн “Уурхайчин залуу” алтан медаль, Монгол Улсын Засгийн газрын шагнал “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагнаж, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргаар өргөмжилжээ. Ийм нэгэн, хийсэн ажилтай, хэлэх үгтэй шилдэг өрөмдөгч залуу бидний дунд ажиллаж, амьдарч явна.
Сэтгэгдэл ( 0 )